“Багш” бодлогын баримт бичиг боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-09 19:02:17

Баянхонгорын багш нар Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдрийг энэ сарын 8-ны амралтын өдөр тэмдэглэлээ. Багш нарын баярын хуралд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, сургуулиудын захирал, бусад албаныхан, үе үеийн сурган хүмүүжүүлэгчид оролцсон. Ийнхүү хамт олноо ажил үйлсээрээ манлайлсан шилдгүүдэд шагналын хур буусан байна.

Баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ Засаг дарга, "Баянхонгор аймгийн боловсролын салбарын чанар, хүртээмжийг багш, оюутан, сурагч, хүүхэд нэг бүрийн хөгжлөөр тодорхойлно. Би багш хүний гэр бүлд өсч, хөгжиж, төлөвшсөн иргэн учраас багшийн хөдөлмөрийн хүндийг мэдэх юм. Багшийн мэргэжил таван хүнд хөдөлмөрийн цогцолбор гэж би боддог. Багш өөртэйгээ ажиллаж, өөрийгөө өдөр тутамдаа өсч хөгжүүлэх ёстой болдог. Шавийг сургах буюу шавийг ном эрдмийн төлөөх сэтгэл зүрхтэй болгож, тэдэнд оройгүй мэдлэгээс зааж сургах ёстой болдог. Мөн шавийг хүн төлөвшилд хөтлөх буюу сурах явцад хүн болоход нь тусалж, нийгэмтэй харьцах буюу иргэний үүргийг суулгаж өгөхөөс гадна багш хүн өөрөө энэ их ажлынхаа хажуугаар гэр бүлийн гишүүний үүргээ биелүүлэх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, ханиа халамжлах ёстой. Ийм хүнд бөгөөд хариуцлагатай таван хөдөлмөрийг хийж байдаг хүмүүсдээ халуун баяр хүргэе" хэмээн онцолсон.

Аймгийн Засаг дарга, ИТХ-аас мөрийн хөтөлбөрөө баталж гаргахдаа багш нарынхаа идэвх, оролцоог үнэлэх, өөртөө тавих шаардлагыг нь сайжруулах үүднээс “Багш” хэмээх бодлогын баримт бичгийг энэ оны сүүлчээр аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлахаар баримт бичиг боловсруулалтын шатандаа байгаа аж. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 100 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. Ийнхүү багш бүрийн зааг ялгааг гаргаж, шилдэг сайн багшийг шагнаж орон нутгийн төсвөөс шагнал цалин олгодог байх, хариуцлагагүй ажиллаж байгаа багштай хариуцлага тооцдог байх бодлого, ажлыг хийхээр төлөвлөсөн аж.

Сонирхуулахад, Хүүхдийг цэцэрлэгээс нь эхлэн авьяас чадварыг нь нээх зорилгоор Баянхонгор аймагт хүүхдийн ухаан, сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэгдсэн үндэсний онцлогтой тоглоомын үйлдвэрийг байгуулж, аймгийн бүх цэцэрлэгийг хангахаар болжээ. Мөн хүн амын нягтаршил, өсөлттэй холбоотойгоор сургуулиудын ачаалал ихэсч, анги дүүргэлт хэтэрч сургалтын үйл ажиллагаанд хүндрэл учирч буй учраас аймгийн төвийн Тавдугаар сургуулийг ашиглалтад оруулах, зургадугаар сургуулийг шинээр барих, Номгон ахлах сургуулийн барилгыг шинээр барих замаар нэг ангид суралцаж буй хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ.

Түүнээс гадна монгол бичиг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, “Хос бичигтэн аймаг” болох, орос хэл, англи хэл, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангиудыг сургуулиудад нээхээр болсон байна. Үүний зэрэгцээ Баян-Овоо суманд биеийн тамирын төрөлжсөн сургалттай сургуулийг ирэх хичээлийн жилээс нээж ажиллахаар болжээ.

                                                                                                                  Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ