БНСУ-ын “Асан” эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-06-20 14:59:28

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг БНСУ-ын “Асан” Эрүүл мэндийн төв хамтын ажиллагааны гэрээгээ үргэлжлүүлэхээр онлайн хурлыг өнөөдөр зохион байгууллаа. 


Хуралд УНТЭ-ийг төлөөлж Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал, УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Гэрэлтуяа нар, БНСУ-ын “Асан” Эрүүл мэндийн төвийг төлөөлж Олон улсын харилцааны хэлтсийн дарга Куан Ким, Олон улсын харилцааны ахлах менежер Кристина Хан, Олон улсын эмнэлгийн зохицуулагч Л.Пүрэвсүрэн нар тус тус оролцов.


Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ, “Олон жилийн турш тууштай хамтран ажиллаж ирсэн бидний хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах технологийг нутагшуулсан. Өнөөдрийн байдлаар элэг шилжүүлэн суулгах хагалгааг 270 хүнд амжилттай хийгээд байна” гээд цаашид “Асан” Эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 


Хамтын ажиллагааны гэрээнд тусгаснаар БНСУ-д манай эмч мэргэжилтнүүд суралцахад байрлах байр, сургалтын төлбөр, хоолны зардлыг Асан эмнэлгээс бүрэн хариуцах юм. Мөн ажиллах чиглэлийн цар хүрээ, хамтран ажиллах салбаруудыг ярилцаж удахгүй гэрээгээ шинэчлэн байгуулахаар тохиролцов.


Өнгөрсөн онд УНТЭ-ийн элэг болон нойр булчирхай шилжүүлэх, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ /ЭКМО/, дотоод шүүрэл, гастроэнтерологи, дүрс оношилгоо, дурангийн чиглэлийн нийт 24 эмч, эмнэлгийн мэргэжилтэн БНСУ-д суралцсан байна.


УНТЭ 2010 оноос хойш манай эмч мэргэжилтнүүдийг БНСУ-д эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр сургах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор “Асан” Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж эхэлсэн билээ.


Холбоотой мэдээ