ГОВЬ-АЛТАЙ: Зураач Бутанчийн Жамбалын зургийн хэрэгсэл Жангар музейд бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Зураач Бутанчийн Жамбалын зургийн хэрэгсэл Говь-Алтай аймгийн Жангар музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Зураачийн хэрэглэж байсан эд зүйлсээс ГАМ85.23 хувийн дугаартай будгийн сав, ГАМ85.24 дугаартай хулсан гортиг, ГАМ85.25 дугаартай зураачийн бийр, ГАМ85.26 дугаартай эвэр алх зэрэг 4 дэсийн 14 ширхэг /11 ширхэг бийр/ эд зүйл музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа тухай тус музейн ажилтан Б.Гэрэлтуяа танилцууллаа.
Бутанчийн Жамбал зураачийн талаарх мэдээлэл эрхлэн гаргасан З.Сэсээр, хянан тохиолдуулсан Г.Доржпалам “БАЯНБОГД БУЯНЫ-ӨЛГИЙ”, номын 135 хуудсанд зураач, дархчууд гэсэн гарчгийн доор ийнхүү бичжээ.
Бутачийн Жамбал 1864-1939 оны хооронд амьдарсан бөгөөд Манжийн засаглалын үе дэх Монголын Засагт хан аймгийн засаг тэргүүн зэргийн тайж залгамжилсан ноён Манибазарын ахмад хөвгүүн юм. Содномцэрэнгийн хошууны Юэшибуу овгийн нутаг газраа /1864-1865/ модон үхэр жил эх Гаршваагаас мэндэлжээ. Эхээс Аварзэд, Амблай, Жамбал гурван хөвгүүн төрж гурвуул хөшөөтийн гол дахь Вандантэгчилэн хийдэд бусад нүүдэлчний хүүхдүүдийн адил шавилан сууж байжээ.
Тэр гурван хөвгүүний ах Амблай нь их том лам байсан ба ах Аварзэд нь гэлэн сахилтай лам хүн байсан бөгөөд хуварга Жамбал нь цаг төрийн байдлаас болж саналаараа хар болж нутгийн бүсгүй Нэмэхбаяртай ханилан суугаад Галсандорж, Намжилраднаа хоёр хөвгүүн, Гондмаа, Дарьсүрэн гэдэг 2 охинтой болж малын ажил эрхлэн байсны гадна өөрийн өвлөн авсан зэргийн ажилд улам бүр мэргэшин их төлөв бурхны хөрөг зургийг голлож байв. Тэрээр уулаас ухаан сэргэлэн, юм юманд овсгоотой нэгэн байсан нь түүний багш ламаас салхин тарни үлдээн авч хоцорсных байсан аж. Энэ тухай нутгийн өндөр настан Загдын Ханд гуай болсон явдлыг ярихдаа, "Жанжаа /Жамбал/ зураач, Маниа /Хайдав/ зурхайч хорч хоорондоо тэмцэлдэн “салхи” хаялцан “сумчин” зөрүүлцгээж эцэстээ хэн хэнээ дийлж үл чадахад хүрч сайдсан юм” хэмээсэн сонин баримт байдаг.
Б.Жамбал зураач өөрийн ур ухаан нэгэнтэй гар, сэтгэл нийлж урлан бүтээх ажлаа явуулж байсны зэрэгцээ тэдэнтэй урлахуйн арга ухаанаараа тэмцэлдэх, өрсөлдөхийн заагаас бүтээлийн гайхамшиг гарна гэдэгт итгэдэг нэгэн байсан болно. Тэр үеэс Хөшөөт, Намын нурууны араар нутаглах бас нэг Жамбал сийлбэрч байсан ба түүнтэй сийлбэр зургийн урлагаар сонин бүтээл туурвисан нь бас байх бөгөөд Засагт хан аймгийн арын хүрээний лам нэрт зураач Балдуугийн Шаравтай уран бүтээлээрээ нөхөрлөн нэгдэж туурвисны нэлээд хэсэг нь ард олны гар дээр өнөөг хүртэл ирсэн бөгөөд зарим бүтээл нь Азийн буддын шашны сүм хийдэд залагджээ. Бурхан сайхан зурдаг, түүх соёлын нандин зүйл урладгаараа Засагт хан төдийгүй Монголд нэртэй тэр хүн 30-аад оны хэлмэгдэлээс тойроогүй ч удалгүй суллагдсан ба харин хүү Галсандорж нь хэлмэгджээ.