ОУСС-ыг тойрог замаас гаргах төхөөрөмжийг И.Маскийн компани бүтээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 1 /DW/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ Олон улсын сансрын станцын /ОУСС/ ашиглалтын хугацаа дууссаны дараа уг станцыг тойрог замаас гаргах төхөөрөмжийг зохион бүтээх компаниар Илон Маскийн “СпэйсИкс” компанийг сонгожээ.
НАСА, “СпэйсИкс”-ийн хооронд 843 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Калифорнид төвтэй тус компани сансрын уг төхөөрөмжийг зохион бүтээх ажлыг хариуцах ба зохион бүтээсний дараа НАСА-гийн өмч болно.
"Энэ төхөөрөмж нь НАСА болон түүний олон улсын түншүүдэд 2030 онд ОУСС-ыг тойрог замаас "аюулгүй, хариуцлагатай" гаргах боломжийг олгож, суурьшлын бүсэд унах эрсдэлийг арилгана" гэж тус байгууллагын хэвлэлийн мэдээнд онцолжээ. Уг төхөөрөмж нь ОУСС-ын нэгэн адил дэлхийн агаар мандалд орж шатах ба станцын хэлтэрхийнүүд Номхон далайд унах аж.
Дэлхий орчмын тойрог замын станцыг 1998 оноос хойш ашиглаж байгаа билээ. Уг байгууламжийг дэлхийн олон орны сансар судлалын байгууллагууд хамтран ашигладгаас АНУ, Европ, Япон, Канад болон Оросын сансрын агентлагууд гол үүргийг хүлээн ажилладаг. ОХУ-аас бусад бүх улс орон станцыг 2030 он хүртэл ашиглах юм. Орос улс 2024 оноос хойш ашиглахаа болих шийдвэрийг 2022 онд гаргаж байсан боловч өнгөрсөн онд шийдвэрээ өөрчилж, 2028 оныг хүртэл үргэлжлүүлэн ашиглахаар болсон байна.