Монгол, Германы уран бүтээлчдийн “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг Дюссельдорф хотноо нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-07-03 09:33:06

Дюссельдорф, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол болон олон улсын уран бүтээлчдийн “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг ХБНГУ-ын Дюссельдорф хотын “Күнстхаллэ Дюссельдорф” орчин үеийн урлагийн музейд нээлээ

 

Эх дэлхийгээ анагаахуй төслийг “Күнстхаллэ Дюссельдорф” музейн захирал Грегор Янзен, “Соёл урлаг хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа нар санаачилж, Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргаж буйгаараа онцлог юм. Мөн тус үзэсгэлэнг зохион байгуулахад Монгол Улсын Чингис Хаан Үндэсний музей хамтран ажилласан байна.


Үзэсгэлэнг нээхийн өмнө зохион байгуулсан хэвлэлийн хуралд Дюссельдорф хотын Райн культур, Райнише пост, WDR зэрэг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага ирж сурвалжилсан бол үзэсгэлэнгийн нээлтийн өдөр 1000 гаруй хүн үзэж сонирхсоныг "Күнстхаллэ Дюссельдорф” музейн кураторын багийн гишүүн Алисиа мэдээлж байв


Үзэсгэлэнг нээх ёслолд Дюссельдорф хотын соёл интеграцын асуудал эрхэлсэн зөвлөх, хатагтай Мариа Кох, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Мандахбилэг зэрэг албаныхан болон урлаг судлаачид, ХБНГУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд оролцсон юм. 


Тус үзэсгэлэнд А.Жавхлан, А.Очирболд, Б.Баатарзориг, Б.Мөнхцэцэг, Йозеф Бойс, Б.Номин, Марихен Данз, Д.Отгонбаяр, Үнэн Энх, Г.Гэрэлхүү, Мэликэ Кара, Томас Штрике, Клаудиа Манн, Кармен Шаихь, “Славс энд Татарс” нэгдэл, Ц.Ган-Эрдэнэ, Юулиан Вестерманн, Ё.Төгөлдөр нарын 18 бүтээлчийн 50 гаруй бүтээлийг дэлгээд байна. Тэдний 10 нь монгол уран бүтээлч юм.


Төрөл бүрийн материалаар, урлагийн олон төрлөөр илэрхийлэн гаргасан тэдний бүтээлүүдэд ЭХ ДЭЛХИЙГЭЭ АНАГААХ асуудлын утга учгийг өөр өөрийнхөөрөө тайлсан, мөн үзэгчдээс энэ тухайд нээлттэй асуусан, тэдэнтэй зөвлөлдсөн агуулгатайг уран бүтээлчид танилцуулж байлаа.   


“Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнгийн нэр нь Йозеф Бойс (1921-1986) хэмээх герман уран бүтээлчийн бүтээлүүдээс эхтэйг үзэсгэлэнг зохион байгуулагчид хэвлэлийн хурлын үеэр тодотгож байв. Йозеф Бойс нь байгалийн баялагтай буруу харьцахын хор уршиг, барууны ертөнцөд тулгамдаж буй асуудлыг тухайн үедээ тод томруун хөндөж байсан уран бүтээлч аж.


“Йозеф Бойс – Сэтгэлийн гүнд орших Монгол Улс” үзэсгэлэнг  1990 онд  Ханновер хотод дэлгэж байжээ. Германы томоохон урлагийн нэгдлүүдийн нэг “Кестнер Гезелшафт”-д болсон тус үзэсгэлэн нь Чингис хаан, түүний залгамжлагч нар, бөө, улаачдын утга агуулгатай байсан байна.


Дюcсельдорф хотод энэ оны 6-р сарын 28-нд нээсэн “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг 9-р сарын найман хүртэл дэлгэх бөгөөд дараа нь Улаанбаатар хотноо Чингис хаан Үндэсний музейд толилуулах юм.

 

Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчдийн сэтгэгдлийг хуваалцсан юм.

Монгол Улсын соёлын элч Ц.Ган-Эрдэнээс тус үзэсгэлэнгийн ач холбогдлын тухайд тодруулахад, “Күнстхаллэ бол Германдаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй газар гэдгийг урлагийн салбарт ажилладаг хүн бүхэн мэддэг. Олон том уран бүтээлчийг төрүүлсэн энэхүү газар үзэсгэлэнгээ гаргах нь уран бүтээлчдэд дэлхийд танигдах үүд хаалгыг томоор нээж өгдөг. Монгол уран бүтээлчдийн оюун ухаанаар бүтсэн онцлог хэв шинжийн бүтээлүүдийг энэ үзэсгэлэнгээр харуулж байна. Тиймээс нэн баяртай байна” хэмээн онцолж байв. 

 

Мөн тэрбээр, "Би Герман улсад сурч, мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ үзэсгэлэнд “Нутгийн зам” бүтээлээрээ оролцож байна. Төв аймгийн Баянцагаан суманд бага нас минь өнгөрсөн. Хүн төрөлхтөн бид үргэлж зам мөрөө үлдээж явдаг. Бидний эх дэлхийд үлдээж буй тэр ул мөр ямар байгааг бүтээлдээ хөндсөн" хэмээн танилцуулсан юм.


Уран бүтээлч Ганболдын Гэрэлхүү: “Германдаа болон Европтоо нэр хүндтэй Күнстхаллэд гарч байгаа үзэсгэлэнг дүрслэх урлагийн салбарынхан онцгой ажигладаг. Тиймээс энэхүү үзэсгэлэнд оролцож буй Монголын төдийгүй  Германы уран бүтээлчдэд ч энд үзэсгэлэнгээ гаргах нь нэр хүндтэй байдаг. Өндөр босготой энэхүү үзэсгэлэнд би “Хэрээн нүд” гэдэг цуврал ажил, “Кей фараметр” гэдэг 2 бүтээлээ дэлгэлээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Тэрбээр Монгол Улсын Дүрслэх урлагийн сургуулийг 2021 онд монгол зургийн мэргэжлээр төгсжээ. Бүтээлүүдийнх нь сэдэв агуулгын тухайд түүнээс тодруулахад, Хүн төрөлхтөн нэг сэдвийг нэг тавцанд гаргаж, шийдэх ёстой асуудлаа бүгд ойлголцож чадаж байгаа нь энэ үзэсгэлэнгийн том амжилт болов уу гэдгийг юуны өмнө хэлэхийг хүсэж байна. Үзэсгэлэнд оролцуулж буй хоёр бүтээл маань ерөнхий том  агуулгаараа төстэй. Тэгэхдээ өөрийнхөө бүтээлийн сэдэв агуулгыг үзэгч уншигчдад шууд тулгалгүй, цааш ургуулж бодуулах зорилгоор бүтээсэн” хэмээж байв.  


Үнэн Энх: Энэ уран бүтээлээ 40 мянган жилийн өмнөх, нэр нь үл мэдэгдэх уран бүтээлчийн дурсгалд зориулсан 


Үзэсгэлэнгийн бүтээлүүд дундаас олон анхаарлын төвд байсан бүтээлүүдийн нэг нь уран бүтээлч Үнэн Энхийн эсгий урлал байв. Тэрбээр бүтээлээ танилцуулахдаа, “Юуны өмнө, Күнстхаллэгийн захирал Грегор Янзен болон Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяа, түүний багийнханд талархлаа илэрхийлье. Монголын орчин үеийн урлагийг Күнстхаллэ Дюссельдорф” -д харуулж байгаа нь маш зүйтэй юм. 

Үзэсгэлэнд тавьсан бүтээлийнхээ тухайд товчхон өгүүлэхүйд, Юнескогийн хамгаалалтад орсон Германы Швэбишэ Албын агуй гэж байдаг юм. Түүний нэг агуйгаас 40-өөд мянган жилийн өмнө үед хамаарах, 6 см-ийн хэмжээтэй эмэгтэй хүний ясан сийлбэрийг арав гаруй жилийн өмнө олсон. Энэ нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Учир нь, он цагийн хувьд, одоогоор олдоод буй хамгийн эртний баримал гэж үзэж байгаа юм. Би түүнийг сонин дээрээс анх олж хараад л биширсэн. Түүнийг энэ бүтээлдээ томсгож хийсэн юм. Яагаад эмэгтэй хүнийг дүрсэлсэн бэ гэдгээс эхлээд олон зүйлээр сонирхлыг минь татсан л даа. Нэг ёсондоо 40 мянган жилийн өмнө үүнийг хийсэн уран бүтээлч нь надад суутан шиг санагдсан. Товчхондоо тэгэхээр энэ уран бүтээлээ нэр нь үл мэдэгдэх тэр уран бүтээлчийн дурсгалд зориулсан гэж хэлж болох юм” хэмээн ярьсан юм.


Томас Штрике:Нүүдэлчин ахуйн тухай 108 асуултаа ханан дээр монгол бичгээр бичнэ

Түүнчлэн олон үзэгчийн сонирхлыг эрхгүй татаж байсан бас нэг бүтээл бол брайль үсгийн тэмдэгт бүхий монгол гэрүүд байсан юм. “Монгол эмэгтэйчүүдэд зориулсан 108 асуулт” хэмээх нэртэй тус бүтээл нь ХБНГУ-д ажиллаж амьдарч буй Томас Штрикегийн бүтээл байлаа.

Тэрбээр бүтээлийнхээ тухай хэвлэлийнхэнд танилцуулахдаа, “Би Швейцарьт төрсөн. Дюссельдорфын урлагийн сургууль төгссөн. 35 жил мэргэжлээрээ ажиллаж байна. 30 жилийн өмнө буюу 1994 онд Монгол явах боломж надад гарсан юм. Тэр үед надад нүүдэлчин ахуйн тухай маш их асуулт төрж байв. Тэгээд тэр үед болон аяллынхаа дараа төрж байсан 108 асуултыг энэ бүтээлдээ тусгасан. Тэгээд түүнээс хойш 30 жилийн дараа Монголоор аялах боломж дахин олдож, энэ оны тавдугаар сард малчин айлуудаар зочилж тэдгээр асуултынхаа хариуг авсан юм. Тэгэхээр энэ бүтээлд маань тэднээс асуусан 108 асуултаа брайль үсгээр тэмдэглэсэн байгаа. Брайль тэмдэгт бүхэн монгол гэрийг төлөөлж байгаа" хэмээн ярьж байв.

Түүнээс 108 асуултынх нь тухай тодруулахад, "Би монгол явахынхаа өмнө нэлээд судалгаа хийсэн. 108 гэдэг тоо Буддын шашинд их утга агуулгатай юм билээ. Лааны тос хувирамтгай чанартай. Халуунд хайлаад урсдаг ч хүйтэнд хатуужиж биеждэг. Монгол ч гэсэн цаг агаарын хувьд зундаа халуун, өвөлдөө хүйтэн. Тэгээд нүүдэлчин ахуйн онцлогийг илэрхийлэхэд олон талаар тохиромжтой материалыг сонгосон юм. Монгол гэр, нүүдэлчин ахуйн тухай ийм олон асуулт надад байгаа нь би өөрөө бас нүүдэлчин амьдралын тухай "харалган" хүн мэт сэтгэгдэл төрүүлсэн учраас брайль үсгийг сонгосон. Ирэх жил Чингис хаан Үндэсний музейд энэ үзэсгэлэнг гаргахад 108 асуултаа монгол бичгээр бичнэ гэж бодож байгаа.

 

А.ОчирболдТүүхийг хол урагшлуулах гэсэн хүсэл сонирхлоо бүтээлдээ тусгасан

“Эх дэлхийгээ анагаахуй” хэмээх энэхүү үзэсгэлэнд "Жангар" бүтээлээрээ оролцож байна. 44 хөлтэй дөлтэй мөнгөн ширээ гэж “Жангар” туульд гардаг шүү дээ. Гавлын яс бол ямарваа нэг юмны жаврыг үргээх бэлгэдэлтэй. Оюун санааны сав шим гэдэг утгаараа Буддын шашинд гавал нь маш хүндэтгэлтэй, хүний эрдэнэ шүү дээ. Тиймээс энэ бүтээлдээ илүү тэнгэрлэг үзлийг харуулахыг зорьж, түүхийг хол урагшлуулах гэсэн хүсэл сонирхлоо илэрхийлсэн юм. 99 тэнгэр гэдэгтэй холбоотойгоор, "Зүүний 44 тэнгэр минь эх дэлхийг минь хамгаалаач, хүмүүсийн оюун санааг эх дэлхийгээ анагаахад зориулаач" гэсэн оюун сэтгэлгээг ч шингээхийг хичээсэн. Тиймээс ширээ маань 44 хөлтэй. Цаанаас ирж байгаа юм шиг сэтгэлгээгээр ширээгээ шилэн тавиуртай хийсэн" хэмээн онцолж байсан юм.

Мөн тэрбээр, "Буддын шашнаас ч өмнө, бөөгийн шашинд ч гавлын ясны дүрслэл хар сүлдэн дээр нь байдаг. Тиймээс үүнийг Хималайн урлагтай холбож ойлгох гэсэн асуудлаас жаахан ангижруулах сэтгэлгээ оруулах бодлыг бүтээлдээ харуулсан" хэмээн тодотгосон юм. 

                                                                                                                                                                                Үргэлжлэл буй... 


 






Холбоотой мэдээ