ХӨВСГӨЛ: Төв музейд нүүдлийн тоног төхөөрөмж бүхий гэр бэлэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Монгол - Америкийн хамтарсан “Умардын хязгаар” төслийн судлаачдын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэдэд соёлын өвөө хүндлэн дээдлэх, хайрлан хамгаалах, бахархалт үзэл санаа төлөвшүүлэх зорилготой “Өв хамгаалагчид” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Мөрөн хотын Чингүнжавын талбайд хүүхэд багачуудын соёлын өвийн боловсролыг дээшлүүлж, мэдлэг олгож түүхэн дурсгалт газруудыг танилцуулан, өв соёлын тухай зураг зурж, асуулт хариулт өрнүүлж нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үеэр төслийн хамт олон Хөвсгөл аймгийн Төв музейд сургалтын материал,
нүүдлийн проектор, дэлгэц, соёлын өвийн сургалт явуулахад хэрэгтэй тоног
төхөөрөмж бүхий гэрийг гардуулан өглөө.
"Бид хамгийн гол нь маш их үнэ цэнтэй соёлын өвтэй монгол хүн гэдгээрээ бахархах нь чухал юм. Үл хөдлөх соёлын өвийн дурсгал гэмтвэл дахиж хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй учраас хүүхэд багачуудад багаас нь хайрлаж хамгаалах сэтгэл, хандлагыг төрүүлэхээр зорин ажиллаж байна” гэдгийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан ярилаа.