Автозамын төлбөр хураах цэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-10 17:54:27

Сүхбаатар аймгийн Баруун-Урт болон Улаанбаатар чиглэлийн А2001 дугаартай улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийг барьж дуусгалаа.

Тус төлбөр хураах цэгийн барилга, цахилгаан хангамж, авто замын өргөтгөлийн ажлыг “Норкут констракшн” ХХК-ийн түншлэлээр 230 сая төгрөгийн төсөвт өртөгөөр гүйцэтгүүлэн 2016 оны 8 дугаар сарын 27-нд дуусгаж, улсын комисс хүлээн авахад бэлэн болоод байна.

Зам, замын байгууламж ашигласны төлбөрийг зорчигч тээврийн хэрэгслээс суудлын тооноос хамааран 1000-3000 төгрөг, ачаа тээврийн хэрэгслээс 2000-10000 төгрөгөөр тооцож авах юм. Орлогыг улсын авто замын санд төвлөрүүлэх бөгөөд Төлбөр авах цэгийн үйл ажиллагааны зардлыг тус сангаас санхүүжүүлнэ.

Сүхбаатар аймаг Улаанбаатар хоттой 2013 онд хатуу хучилттай автозамаар холбогдсон. Гэвч өнөөг хүртэл тус замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс ямар нэгэн төлбөр хураамж авч эхлээгүй байгаа юм. Харин Засгийн газрын 2016 оны 103 тоот тогтоолоор “Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам”-ыг баталж, төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ