БУЛГАН: Үндэсний их баяр наадамд С.Гал-Эрдэнийн уясан нандин хонгор азарга түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-11 20:50:22

Булган, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Булганхангай хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн, Гурванбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Гал-Эрдэнийн уясан нандин хонгор азарга түрүү магнайд хурдалж, уясан эзэн унасан хүүхэд, наадамчин олноо баяcгалаа.


Азарганы уралдаанд 192 хурдан хүлэг бүртгүүлж, 134 нь шандас сорьсноос аман хүзүүнд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Уясахын Тодбаярын хээр, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн, дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд хурдлав. 


Ийнхүү нандин хонгор азарга Булган нутгаас төрийн их баяр наадамд түрүүлсэн 2 дахь азарга боллоо. 2022 онд Могод сумын харьяат Монгол Улсын Манлай уяач Ц.Цэнгэлийн Манлай саарал азарга түрүүлж байжээ.


Нандин хонгор азарга улсын наадмын 1 түрүү, бүсийн уралдааны 2 түрүү, 1 аман хүзүү, 1 айрагдсан юм.


С.Гал-Эрдэнэ уяачдаа, уяа сойлгыг нь тааруулсан Тод манлай уяач Ш.Эрдэнэбат, уралдаанч хүү Б.Энх-Очир нартаа баярлаж талархсан Булганыхан дэлгэр сайхан наадаж байна. 






Холбоотой мэдээ