ХӨВСГӨЛ: Түймэр илэрсэн цэгийг агаараас тандаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-13 21:25:58

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ой хээрийн түймрийн хоёр дуудлагаар ажиллаж нэгийг нь бүрэн унтрааж, нөгөөгийнх нь голомтод ажиллаж байна. 


Галт сумын Хужирт  багийн нутаг Дээд яргайт гэдэг газар ойн түймэр гарч, Галт сум дахь гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, малчидтэй хамтран цурамд оруулжээ. Энэ сарын 11-нд ойн түймрийг бүрэн унтрааж Галт сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн байна. Түймэрт 5 га ой газар шатжээ.          

      



Улаан-Уул сумын Мунгараг багийн Шар нуур гэдэг газар ойн түймрийн цэг илэрсэн. Тус сумын Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул суман дахь 0298 дугаар салбарын  алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байна.   


Мөн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Хэнийн нурууны, Бат халзан гэдэг газар энэ сарын 9-нд илрүүлсэн түймрийн цэгийг нисдэг тэргээр агаараас тандаж байна. Түймэрт ажиллах Онцгой байдлын газрын алба хаагчид Улаан-Уул сумын төвд очсон гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

 

 

Холбоотой мэдээ