НҮБ: Дэлхийн хүн амын тоо 2080-аад оны дундуур дээд цэгтээ хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-07-14 11:31:00

НЬЮ-ЙОРК, 2024 оны долоодугаар сарын 14. /NHK/. Дэлхийн хүн амын тоо 2080-аад оны дундуур дээд цэгтээ буюу 10.3 тэрбумд хүрч өснө гэж НҮБ тооцоолжээ.


НҮБ Дэлхийн хүн амын өдрийг тохиолдуулан пүрэв гарагт “Дэлхийн хүн амын хэтийн төлөв-2024” тайланг танилцуулсан байна. Үүнд энэ оны байдлаар 8.2 тэрбумд хүрээд буй дэлхийн хүн амын тоо ирэх 60 орчим жилийн хугацаанд нэмэгдэнэ хэмээн таамагласан байна. 


Харин энэ зууны эцэс гэхэд манай гараг дэлхий дээр амьдарч буй хүний тоо 10.2 тэрбумд хүрч буурна гэж тооцоолжээ. Дэлхийн хэмжээнд төрөлт буурах хандлагатай байгаа тул хүн амын өсөлт шинжээчдийн өмнө нь таамаглаж байсантай харьцуулахад эрт дуусах төлөвтэй байгааг тайланд дурдсан байна. 


Дэлхийн хүн амын хэтийн төлвийн тайланд бичсэнээр, Орос, Хятад зэрэг 63 улс орон, бүс нутагт хүн амынх нь тоо энэ оноос өмнө дээд цэгтээ хүрсэн байна. Харин Бразил, Индонез зэрэг бусад 48 улс орон, бүс нутагт 2054 он гэхэд хамгийн өндөр түвшинд хүрэх төлөвтэй байгаа ажээ. 


Өдгөө Энэтхэг улс 1.45 тэрбум хүн амтайгаар дэлхийн улс орнуудыг тэргүүлж байгаа бол Хятад /1.42 тэрбум/, АНУ /345 сая/ удаалж байгааг НҮБ-ын тооцоо харуулжээ. Тайланд дурдсанаар, Энэтхэгийн хүн ам 2054 онд 1.7 тэрбум орчимд хүрч өссөөр байх бол Хятадын хүн ам 2054 онд 1.2 тэрбум, 2100 онд 600 сая болж буурах тооцоо гарсан байна.

Холбоотой мэдээ