БАЯНХОНГОР: Алтан гадас одонт Бууцагаан сум

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-07-18 12:15:52

Баянхонгор, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Энэ онд Баянхонгор аймгийн Бууцагаан сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна.


Бууцагаан нь Баянхонгор аймгийн баруун захын сум бөгөөд хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрдэнэ Жүн Ван Жамьяндоржийн хошуу юм. Сумын төв Буянт нь Улаанбаатар хотоос 810 км, аймгийн төвөөс 180 км-ийн зайтай оршдог. Баруун чиглэлийн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай орох автозам сумын төвөөр дайран өнгөрдөг.


Тус сумын хамгийн өндөр цэг Богд хайрхан уул далайн түвшнээс дээш 3012 м өргөгдсөн. Богд хайрхан нь хуучин хошууны тахилгатай уул байсныг 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор тахилгыг нь сэргээн тахисан түүхтэй. Тус сумаас хөдөлмөрийн баатар 3, гавьяат 10, улсын начин 2, улсын алдарт уяач нэг төрөн гарсан бөгөөд сум нь Алтан гадас одонгоор шагнуулж байв.


Бууцагаан сум газар нутгийн хувьд говь, хангай, тал хээр хосолсон өвөрмөц тогтоцтой мал аж ахуй, газар тариалан эрхлэх таатай нөхцөл бүрдсэн гурван бүсийн нутагтай алт, нүүрс, газрын тос гэх мэт байгалийн баялаг ихтэй, хүн ард нь ажилсаг, оюунлаг, авъяаслаг нутаг.


Сумын дэвсгэр нутгийн тогтоц нь зүүн хойноосоо баруун урагш сунасан маягтай бөгөөд баруун захын цэгээс зүүн захын цэг хүртэл 86 км болно. Тус сум нь баруун урд, баруун талаараа Говь-Алтай аймгийн Чандмань, Дэлгэр сумтай, баруун хойд талаараа Хүрээмарал, зүүн хойд хэсгээрээ Заг, зүүн талаараа Бөмбөгөр, өмнөд хэсгээрээ Баацагаан, Баянцагаан сумтай тус тус хиллэнэ. Сумын нутаг дэвсгэр далайн түвшнээс дээш 1600 гаруй метр өргөгдсөн бөгөөд хамгийн нам газар нь Шүүт толгойн өврийн Дөхөмийн тоором 1420 м, хамгийн өндөр цэг Богд уул 3012 метр байна.







Холбоотой мэдээ