Бангладешт болсон үймээний улмаас 32 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРДАККА, 2024 оны долоодугаар сарын 19 /ВВС/. Бангладешийн эрх баригчид улс
орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, интернэтийн сүлжээг хаасан ба
зарим газарт телефон утасны сүлжээ ажиллахгүй байна. Энэ нь хэдэн хоногийн турш
үргэлжилж буй оюутнуудын эсэргүүцлийн жагсаалтай холбоотой юм.
Жагсагчид ба цагдаа нарын хооронд
болсон мөргөлдөөний улмаас нийслэл Дакка хотод олон арван хүн амиа алдаж, хэдэн
зуун хүн шархаджээ. Пүрэв гарагт төрийн мэдлийн BTV телевизийн байр шатсан байна.
Оюутнууд жагсаж буйн шалтгаан
гэвэл, төрийн албан дахь нийт ажлын байрны гуравны нэгийг 1971 оны тусгаар
тогтнолын төлөөх дайнд /Пакистанаас тусгаарлахын төлөөх/ оролцсон ахмад дайчдын
төрөл төрөгсдөд олгодог тогтолцоог өөрчлөхийг шаардаж байгаа явдал юм. Ийм журам
бол ялгаварлан гадуурхаж буйн хэлбэр мөн гэж оюутнууд үзээд, хүн тус бүрийн
мэргэжлийн ур чадварыг харгалзан үзсэний үндсэн дээр хүмүүсийг ажилд авахыг
шаардаж байна.
Бангладешийн оюутнуудтай эв санааны
нэгдэлтэй байгаа илэрхийлэн Энэтхэгийн олон зуун оюутнууд Бүх Энэтхэгийн
ардчилсан оюутнуудын байгууллагын удирдлага дор Калькутта хотын гудамжнуудад
жагсаал зохион байгуулжээ.
Эсэргүүцлийг намжаахын тулд Бангладешийн
эрх баригчид үүрэн холбооны интернэт сүлжээг тасалсан ба Ерөнхий сайд Шейх
Хасина оюутнуудад хандан тайван байхыг уриалсан боловч пүрэв гарагт нөхцөл байдал улам
хурцдаж, нийт 32 хүн амиа алдсан тухай бие даасан эх сурвалжууд мэдээлжээ.
Мөн өдөр гудамжнуудын дагуу амьд гинж үүсгэн жагссан оюутнуудын эсрэг цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэсэн байна. Хариуд нь оюутнууд цагдаагийн хэсгийн байрыг шатааж, телевизийн BTV компанийн байр руу дайран оржээ.
Мэдээллийн сайдын ярьснаар,
цагдаа нар ба аюулаас хамгаалах хүчнийхэн телевизийн байрыг бүслээд
байна.