ЗАВХАН: Сэцэн Сартуулын хошууны ховор үзмэрүүд аймгийн музейд бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/.
Сэцэн Сартуулын нутаг болох Завхан аймгийн Дөрвөлжин, Ургамал,
Сантмаргаз, Сонгино сум түүхэн 100 жилийн ойн баяр наадмаа энэ өдрүүдэд
тэмдэглэж байна.
Засагт хан аймгийн Сартуул сэцэн хошуу нь түүх соёл, уламжлал, үзэсгэлэнт газар нутгаараа алдартай. Сэцэн Сартуулын түүх соёлд хамаарах ховор үзмэрүүд аймгийн музейд бий.
Түүхэн ойд хүрэлцэн ирсэн иргэд Завхан аймгийн музейгээс сумдын түүхтэй холбоотой музейн үзмэрүүдтэй танилцаж болох юм. Алдархаан, Яруу, Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин гэх мэт Сартуулын найман сумын музейгээс авч ирсэн 25 үзмэр, аймгийн музейн сан хөмрөгөөс 26 дэсийн 36 үзмэр гээд нийт 51 дэсийн 61 үзмэрийг өнгөрсөн жилээс эхлэн дэлгэн үзүүлсэн байна.
Тухайлбал, Завхан аймгийн Завханмандал сумын уран Минжүүрийн бүтээлүүд, Алдархаан сумын Мэргэн Онолтын мөнгөн цахиур буу, XVIII зууны үеийн жийжүү мөнгөн дөрөө, XIX-XX зууны үеийн халтар манан хөөрөг.
Тухайн бүс нутгийн ахуй амьдралыг харуулсан нутгийн иргэдийн эдэлж хэрэглэж байсан шашны болон ахуйн эд өлгийн зүйлсүүд музейд дэлгэгдсэн байдаг.
Засагт хан аймгийн Сартуул сэцэн хошуу нь одоогийн Завхан
аймгийн 11 сумыг хамран суурьшиж байсан талаар эрдэмтэн судлаачид өнгөрсөн жил
Улиастайд болсон эрдэм шинжилгээний бага хурлын үеэр мэдээлж байв.
Хошуудын түүх, соёлын өвийн талаарх судалгааны сүүлийн үеийн томоохон үр дүнг орон нутгийн иргэдэд танилцуулсан сартуулын гэгдэх сумдаас ирсэн ховор үзмэрүүдийн үзэсгэлэн нь эрдэмтэн судлаачдын сонирхлыг татаж байсан.
XVIII-XX зууны Монголын засаг захиргааны гол нэгж болсон хошуудын түүх, соёлын өвийн талаарх судалгаанд тухайн үеийн нутгийн иргэдийн эдлэл хэрэглэл, ховор эд өлгийн зүйлс нь чухал баримт болох юм гэж аймгийн музейгээс дуулгав.