Д.Кулеба дайныг зогсоох арга замуудыг хэлэлцэхээр Бээжинд иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-07-23 10:52:02

БЭЭЖИН, 2024 оны долоодугаар сарын 23 /VOA/. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Орос-Украины дайныг зогсооход Хятад улсын гүйцэтгэх үүргийг хэлэлцэхээр өнөөдөр Бээжин хотноо хүрэлцэн иржээ.


Энэ бол 2022 оны 2 дугаар сард дайн эхэлснээс хойш Д.Кулебагийн Хятадад хийж буй анхны айлчлал юм. Украины талын мэдэгдсэнээр, сайд Д.Кулеба “Оросын түрэмгийллийг зогсоох арга замууд” ба “тогтвортой, шударга энх тайвныг тогтооход Хятадын гүйцэтгэх үүрэг”-ийг хэлэлцэхээр Бээжинд очиж байгаа ажээ.


Хятад улс Орос-Украины дайны талаар төвийг сахих байр суурь баримталж байгаа бөгөөд “АНУ ба барууны бусад улсаас ялгаатай нь гэвэл, манай улс байлдаж буй талуудад цэргийн тусламж үзүүлдэггүй” гэж мэдэгдэж байгаа юм. Дайныг зогсооход зуучийн үүрэг гүйцэтгэхийн тулд Хятадын тал тусгай элч Ли Хуэйг Европ руу хэдэнтээ илгээсэн билээ.  Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Унгарын Ерөнхий сайд В.Орбантай уулзах үеэрээ “шууд хэлэлцээгээ сэргээх нь дэлхийн улс гүрнүүд Орос, Украинд туслах ёстой” гэсэн юм.


Харин Орос-Хятадын түншлэл гүнзгийрсээр байгаа нь НАТО-гийн зүгээс Хятад улсыг “Москвагийн гол хамсаатан” гэж үзэхэд хүргэж байна.  Цэргийн ажиллагаа явуулахад нь Орост дэмжлэг үзүүлж байна хэмээн Хятадыг барууныхан буруутгаж байгааг тус улс няцаагаад, зэвсэг нийлүүлэх замаар сөргөлдөөнийг улам даамжруулж буй Барууны орнуудыг шүүмжилж байна.

Дайн эхэлснээс хойш хоригт орж тусгаарлагдаад буй Оросын эдийн засагт Хятад улс авралын гарц болж байгаа юм. Сүүлийн үед хоёр талын эдийн засгийн түншлэл нь Барууны орнуудын анхаарлыг ихэд татах болсон бөгөөд Оросын цэргийн үйлдвэрлэлийн салбарт хэрэгцээ шаардлагатай эд ангиуд, тоног төхөөрөмжийг Орост нийлүүлж байна хэмээн барууныхан Бээжинг буруутгадаг. 

Холбоотой мэдээ