Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-11 15:16:50

Дорнод аймгийн Аудитын газраас “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэд Нийцлийн аудит хийж, дүгнэлт гаргав.

Хяналт шалгалтад Төрийн өмчит 42, Орон нутгийн өмчит 130, ОНӨААТҮГ, ОНӨҮГ-ын 27, ТӨХК, ТӨҮГ, ТӨААТҮГ-ын 6, Төрийн чиг үүрэгт хамаарах үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэгч 6 нийт 211 байгууллага хамрагдсан байна. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн Нийцлийн аудитыг жилд 2 удаа явуулж,  дээрх хуулийн 3, 8 дугаар зүйлд заасан байгууллага, аж ахуй нэгж дээр нэгдсэн болон өөрийн цахим хуудас, мэдээллийн самбарт байрлуулсан мэдээлэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод хяналтын хэрэгжилтийн тайлан, дансны хуулгын дүн, анхан шатны баримттай тулгах, санхүүгийн мэдээллийн самбарыг бодит байдал дээр нь очиж үзэх зэргээр хянажээ. Аудитын явцад Шилэн дансны тухай хуулийн мэдээллээ бүрэн байршуулаагүй, хуулийн хугацаа хоцроож байршуулсан нийт 47 байгууллагад газар дээр нь зөвлөмж өгч, мэдээлэл огт байршуулаагүй 4 байгууллагын удирдлагад албан шаардлага хүргүүлсэн байна.

Дорнод аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Б.Болортуул: “Байгууллага, ААН-үүд өмнөх аудитаар өгсөн албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлсэн байна” гэж мэдээлэв.

Б.Туяа

Холбоотой мэдээ