“Ухаалаг ус түгээх систем” нэвтэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-11 16:18:07

Дорнод аймгийн Нийтийн аж ахуй ХХК саяхнаас “Ухаалаг ус түгээх систем-ийг нэвтрүүлж эхэллээ. Одоогоор 4 ус түгээх газарт шинэ систем нэвтэрч, иргэд өөрсдийн боломжоороо картаа цэнэглүүлж усаа авч байна.

Мөн “Шинэ усан сан” төслийг хэрэгжүүлснээр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сүүлийн хоёр жилд нийтдээ гэр хорооллын 20 ус түгээх байрыг шинэчлэн засварлаж гадна тохижилтын хамт иж бүрэн шийдвэрлэв. Чойбалсан хотын хувьд ундны усыг 30 шахам жил түр зуурын аргаар хлоржуулж ирсэн. Тиймээс хотын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг аймгийн Иргэдийн хурлаар баталж хоолны давснаас хлор гарган авч халдваргүйжүүлэх тоног төхөөрөмжийг суурилснаар дээрх асуудлыг шийдвэрлэж чадлаа. Энэ ажлыг “WDT” компани 79,9 сая төгрөгөөр гүйцэтгэсэн байна. Усны зүй зохистой хэрэглээг хэвшүүлэх, усны алдагдлыг бууруулах зорилгоор өнөөдрийн байдлаар аймгийн төвийн 536 аж ахуйн нэгжээс 500 нь, 4785 айл өрхөөс 4500 өрх усны тоолууртай болжээ.

“Дорнод НАА” ХХК өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор орон сууцны байруудын халуун ус хангамжийн 120 метр шугам сүлжээг шинэчлэн засварлаж, гүний худгийн 6 барилгад урсгал засвар хийв.

Б.Туяа

Холбоотой мэдээ