ЗАВХАН: Тэлмэний хөндийд эрэмгий адуучныг шалгаруулах тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-26 15:13:35

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэлмэн суманд 8-р сарын 5-ний өдөр адуучин тэмцээн болно. “Адуучин” тэмцээн нь хүүхэд залуучуудад адуу эдлэх монгол уламжлалыг таниулах, ахмад үеэс суралцах боломжийг олгох, эрэмгий адуучдыг алдаршуулах зорилготой юм.  


Тэмцээнд зөвхөн Завхан аймгийн малчин адуучин хүүхэд залуус оролцох бөгөөд уурга шүүрэх, морьтой уургалах, булгиа гэсэн төрлөөр өрсөлдөнө.

Адуучид сугалаа сугалах бөгөөд сугалааны дарааллаар нэг дор уурга шүүрэх, морьтой уургалж, бугуйлдан өрсөлдөнө. Онооны нийлбэр дүнгээр эхний 20 адуучин морь булгианы төрөлд оролцож хэр удаан тогтсоноор оноо цуглуулна. Шагналт байранд оноо тэнцсэн тохиолдолд ахин морьтой уургалж шийдвэрлэнэ. Төрөл тус бүрийг 0-5 оноогоор дүгнэнэ.  Мөн адуучид заавал өөрийн морь, уурга, бугуйл, хуйвтай байх.  Төрөл тус бүрийн өмнө нэг бүрчлэн шалгах тул хуйв бугуйл тасрах, уурга хугарах эрсдэлийг тооцож оролцоно.  Адуучид хоорондоо морь болон эд хэрэгслээ соливол тэмцээнээс шууд хасах дүрэмтэй юм. Завхан аймгийн харьяат, хол газраас ирсэн адуучид зөвхөн уургын морийг дамжуулж болно.

Тэмцээн наймдугаар сарын 5-ний өдөр эхлэх бөгөөд тэмцээнд оролцох адуучдыг 7-р сарын 21-ээс 8-р сарын 3-ний өдрийг дуустал бүртгэж байна. Адуучид төрөл тус бүр дээр дарааллын дагуу бэлэн байж нэр дуудахад хоцрохгүй бэлэн байх юм. Мөн тэмцээний үеэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн оролцогчийг тэмцээнээс шууд хасах юм. Тэмцээний үеэр хэв журмын зөрчил гаргахгүй байхыг адуучдаас болон үзэгчдээс хүсэж байна.

Тэмцээнд нийт 50 адуучныг оролцуулна. Ийнхүү тэмцээнд амжилттай оролцож түрүүлсэн нэг адуучныг алтан медаль, өргөмжлөл, Lexus RX400 автомашинаар шагнаж урамшуулна.

Хоёрдугаар байр эзэлсэн адуучин Сүхбаатар аймгаас гаралтай хурдан удмын хязаалан үрээ, гуравдугаар байрын шагналтан 1.5 сая төгрөг, дөрөв, тавдугаар байрт орсон адуучид зохион байгуулагчийн гарын бэлгийг хүртэнэ.


Монголчууд адууг маллах, эдлэх өвөрмөц өв соёлтой ард түмэн юм. Тиймээс нүүдэлчин малчдын ахуй, адууны өв соёлоо хүүхэд залуучуудад таниулах сурталчлах нь бидний үүрэг юм.

Тиймээс үндэсний өв соёл, ёс заншлаа хадгалах, аймаг, улсдаа алдартай мал маллагааны арга барилтай адуучин төрүүлэх, адуучин залуучуудад урам өгөх зорилготой тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулна гэж Идэр эх ХХК-аас мэдээлэв. 

Завхан аймагт 2018 онд зохион байгуулж байсан "Адуучин" тэмцээн


Сонгино суманд 2018 онд зохион байгуулж байсан "Адуучин" тэмцээн


"Адуучин" тэмцээний үеийн гэрэл зургуудыг П.Баатарзоригт

Холбоотой мэдээ