СЭЛЭНГЭ: Амарбаясгалант хийд
ФОТО МЭДЭЭСүхбаатар, 2024 оны долоодугаар
сарын 26 /МОНЦАМЭ/. 100 жилийн түүхэн ойн баяр наадмаа тэмдэглэж байгаа Сэлэнгэ
аймгийн Баруунбүрэн сумын нутагт Халх монголын анхны шарын шашны ууган хүрээ
хийдүүдийн нэг Амарбаясгалант түүх өгүүлэн оршиж байна.
Амарбаясгалант буюу Өндөр гэгээний хийд
гэгдэх тус хийд нь Хуучин Түшээт хан аймгийн Засаг Цэрэндондовын хошуу одоогийн
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дахь “Бүрэнхан” уулын өвөр “Ивэн” голын
хөвөөнд сумын төвөөсөө зүүн хойш 48 км зайд байрладаг.
Энэ нутагт байгуул хэмээн зарлигаар үйлдүүлж,
Жибзундамба хутагтад өргөсөн тус Амарбаясгалант хийд нь Монголын бурхан шашны
томоохон төв төдийгүй Халх монголын анхны шарын шашны хийд “Эрдэнэзуу”-гийн дараа
байгуулагдсан манай орны ууган хүрээ хийдүүдийн нэг юм.
Уг
хийдийг Манжийн Найралт төвийн 5-р он буюу 1727 оноос байгуулж эхлээд 1737 онд дуусгажээ.
Амарбаясгалант хийдийн хийц, загвар, үзэмж нь дорнын уран барилгын хэв загварыг
өөртөө шингээсэн байдгаараа гайхамшигтай юм.
160 жил
барьж байгуулсан түүхтэй Амарбаясгалант хийд өдгөө ч байнгын үйл ажиллагаа
явуулж байна. 18-р зууны эхэн үед байгуулагдсан энэхүү хийд нь иж бүрэн
цогцолбор байдлаар хадгалагдаж үлдсэн уран барилгын чуулбар гэдгээрээ тун чиг
сонирхолтой.
Амарбаясгалант
хийд нь 6 аймаг, Жүд, Мамба, Цанид, Манал, Аюуш, Майдар зэрэг гурван их дацан,
найман бага дацантай, 2500 ламтай, хурлын үед 5000 лам хурдаг Монголын гурван
том хийдийн нэг байжээ.
Уг хийдийг
1944 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. Амарбаясгалант хийдийг сүм хийд
байгаль орчинтой зохицуулж уул, ус, ургамал, ой хосолсон үзэсгэлэнт газар
сонгон бүтээдэг Монгол уламжлалаар барьсан бөгөөд анхдугаар Богд Өндөр Гэгээн
Занабазарт зориулагдсан ариун дагшин шүтээн Монголын түүх, соёлын хосгүй нандин
дурсгалын нэг гэдэг.
Монгол Улсын засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 101 дугаар тогтоолоор Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсийг 53782 га газраар тогтоожээ. Одоогоор Амарбаясгалант хийд нь 60 гаруй лам хуврагатай үйл ажиллагаа явуулж байна.