Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 1 /AFP/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэрийг лхагва гарагт гаргалаа. Үүний сацуу инфляцын эсрэг тэмцэлд “зарим тодорхой ахиц дэвшил” гарсныг онцолжээ.
Бодлого боловсруулагчид бодлогын хүүг 5.25-5.50 хувийн түвшинд хэвээр үлдээхээр санал нэгтэй шийдвэрлэснийг ХНС-гийн хоёр өдрийн хуралдааны дараа гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
Оны эхээр бага зэрэг өссөн инфляц буурч, зорилтот 2
хувьд хүрэхэд ойртож байгааг сүүлийн үеийн статистик мэдээллүүд харууллаа. Өнгөрсөн
сард инфляцын гол хэмжүүр 2.5 хувь хүртэл буурч, эдийн
засгийн өсөлт тогтвортой байж, хөдөлмөрийн зах зээл илүү тэнцвэртэй болсон байна.
“Инфляцыг
2 хувь болгож бууруулах урт хугацааны зорилтод
сүүлийн саруудад ахиц дэвшил
гарсан” гэж ХНС мэдэгджээ. Энэ нь зургаадугаар сард шийдвэр гаргаж байсан үетэй харьцуулахад нөхцөл байдал үл ялиг
өөрчлөгдсөнийг харуулж байгаа бөгөөд тухайн үед “бага зэрэг ахиц дэвшил”
гарсан гэдгийг цохон тэмдэглэж байлаа.
ХНС “хөдөлмөр
эрхлэлт болон инфляцын
зорилтод хүрэхэд тулгарч болзошгүй
эрсдэлүүд илүү тэнцвэржиж
байна гэж мэргэжилтнүүд
дүгнэж байгааг” мэдэгдсэн байна.
ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл лхагва гаргийн
орой сэтгүүлчдэд мэдээлэл өгөх бөгөөд тэрбээр есдүгээр сард болох ХНС-гийн хуралдаанаар бодлогын хүүг бууруулах боломжийн талаар ярина гэж шинжээчид таамаглаж байна.