Д.Цэвээнжав: Хүүхдүүд маань бүгд гарын уртай ч бага хүүгээ уран хатгамалч болно гэж төсөөлж байгаагүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Үндэсний дээл, хувцас оёж,
даалин урладаг, уран хатгамалч эрэгтэй тийм ч олон байдаггүй. Дундговь аймгийн
Сайнцагаан сумын 8 дугаар багийн оршин суугч Г.Отгонбямба өв соёлоо тээж,
түгээж яваа уран залуу.
Түүний ээж Дамдинжавын Цэвээнжав тус аймгийн Луус сумын Буянт багийн иргэн. Одоо нас өндөр болж, аймгийн төвд хүүтэйгээ үйл урлан шаглаж сууна. Уран хатгамалч залуу хүүгийн ээж Д.Цэвээнжав төрөлх Луус сумынхаа үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд уригдан ирсэн байх үеэр нь түүнтэй ярилцлаа. Ярилцлагыг толилуулъя.
-Сайхан наадаж байна уу,
танд Луус сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын мэнд дэвшүүлье! Баяр наадам дэлгэр сайхан болж байна уу?
-Сайхан наадаж байна. Сумын маань түүхт 100 жилийн ойн баяр наадам сайхан болж байна. Энэ жил сум маань бороо, ногоотой зуншлага сайхан байгаа болохоор наадамчин олны сэтгэл түвшин, амар амгалан байна.
Сум, багийн
удирдлагууд, төрийн албан хаагчид маань наадмыг сайн зохион байгуулж, иргэд ч
идэвхтэй оролцож, дэмжиж байна. Сумынхаа зон олонтой уулзаад, сэтгэл дүүрэн,
сайхан байна.
-Та Луус сумын Буянт
багийн малчин байсан. Өнөөдөр багийнхаа гэрт тухалж, танай багийн ёслолын энэ
өргөө таны болон үр хүүхдүүдийн тань хийсэн бүтээлээр чимсэн байна. Сэтгэгдлээ
хуваалцана уу?
-Би 9 хүүхэдтэй. 3 нь
охин, 6 нь хүү. Бүгдээрээ л гарын дүйтэй, юм бүхнийг хийдэг. Энд байгаа үстэй
дээл, даалин, хатгамал, хөхүүр, зуух, тулга, элдсэн арьс, малгай, томсон дээс,
дэвссэн тойруулга гээд бүх зүйлийг хүүхдүүд маань хийсэн. Миний хийсэн зүйлс ч
байна.
Тэр даалингууд бол миний бага хүү Отгонбямбын бүтээл. Хүү маань олон даалин урласан. Сайхан ч оёдог доо.
-Таныг нутаг усандаа гайхагдсан
уран хүн гэж сонссон. Таны хүүхдүүд ч бүгдээрээ ийм сайхан уран, өв соёлоо хадгалж
явна. Үйл хийж эхэлсэн үеэс хойш хэдэн жил монгол хувцсаа оёж байна вэ?
-Эгч нь 7 дугаар ангид байхдаа даалимбаар өөртөө дээл оёод өмсчихдөг
байсан. Түүнээс хойш нас, сүүдэр 70 гартлаа л оёж байна даа. Тэр үед аав маань ээжид
нэг оёдлын машин авч өгөөд, би одоо ч түүгээр нь оёдол хийдэг. Машин маань
надтай цуг л өтөлж байна.
Одоо нас дээр гарахаар
нарийн оёдол хийх, товч шилбэ хадахад жаахан бэрхшээлтэй болж байна. Тиймээс
Отгонбямбатайгаа хамтраад л хийдэг. Хүү маань дээлийн товч шилбийг нарийн
сайхан хадна шүү дээ. Эрэгтэй дээлийг тун сайхан эмжиж оёно.
Дээл оёхоос гадна би дээс
томно, тойруулга ширнэ, арьс, нэхий элдэнэ. Оёж, гараар хийж болох бүгдийг л
хийдэг байлаа шүү дээ. Одоо хүүхдүүд маань бүгдийг хийж, үргэлжлүүлж байна даа.
-Отгонбямба хэзээнээс зүү ороож, даалин урлаж эхэлсэн бэ, багадаа юм оёдог байсан уу?
-Хүү маань МСҮТ-ийн
мужааны ангийг төгссөн. Багаасаа л гарын уртай хүүхэд байсан юм. Гэхдээ ийм
нарийн ур хийж, хатгамал оёно гэж төсөөлж байсангүй ээ. Цэрэгт явж ирээд л гэнэт
зүү ороож, даалин хийж эхэлсэн. Авдар, шүүгээ, сандал, ширээг гар багажаар
хийчихнэ, хатгамлын зоосон ширээгээ ч өөрөө хийсэн. Зүү ороож даалин, оймсны
хараа урлана.
Зүү орооно гэдэг уйгагүй
хөдөлмөр, тэвчээр, маш их төвлөрөл, ур ухаан, цаг хугацаа шаардсан урлал. Хүү
маань уран хатгамлын аймгийн болон Улсын уралдаанд хэд хэдэн удаа оролцсон.
Аймагтаа хоёр ч түрүүлсэн байх. Улсад тусгай байрын шагнал хүртэж байсан. Даалингийнхаа
дэвсгэрийн хээг хүртэл л зүү ороож оёсон байдаг.
Энэ үйлэндээ өөрөө маш их
дуртай, сэтгэлээ шингээж урладаг. Дээлээ өөрөө оёдог. Ер нь л өөрийнхөө өмсөх
бүх хувцсыг хүний царай харахгүй оёчихдог хүүхэд.
Ер нь малаа маллаж, сүү саалиа бэлтгэж, дээл, хувцсаа оёж өмсдөг ийм сайхан өв соёл, уламжлал бол алдаж болшгүй соёл гэж боддог. Хүүхдүүдээ ч тийм байлгахыг хичээж амьдарлаа.
- Малаа маллаж, сүү
саалиа бэлтгэж, дээл, хувцсаа оёж өмсдөг ийм сайхан өв соёл, уламжлал бол алдаж
болшгүй соёл гэж та маш зөв хэллээ. Таны 9 хүүхдээс хэд нь мал маллаж байна вэ?
-Миний бага хүүгээс бусад нь мал маллаж байна. Би Луус сумын Буянт багийн хүн. Тэтгэвэрт гартлаа мал малласан. Хань маань нэгдэлд адуучин, би саальчин байлаа.
Амралтын газрын сааль
бэлтгэдэг байсан юм. Хүүхдүүд маань одоо малаа маллаж, сүү саалиа бэлтгээд,
дээл хувцсаа оёж, дээсээ томж, арьсаа элдээд, мод төмрөөр ахуйн хэрэглээний эд
зүйлээ хийж байгаа нь сайхан байна. Миний хүргэн Батсайхан, охин Баясаа хоёр
маань Улсын аварга малчин боллоо.
Хүүхдүүд бүгдээрээ
л амьдралаа, амьжиргаагаа зөв аваад явж байгаад баярлаж суудаг юм даа. Монгол
хүн бүрт л энэ чадвар байгаа гэж боддог. Тиймээс эцэг өвгөдөөс уламжилж ирсэн
өв соёл, зан заншлаа гээлгүй авч явж, үр хүүхэддээ өвлүүлдэг байгаасай гэж хүсч
байна.
-Тиймээ, үндэсний өв соёлоо тээж, өвлүүлэх нь маш чухал юм. Ярилцсан танд баярлалаа, эрүүл энх байж, урт наслахыг ерөөе!