Нура Зайсан төв жилд 30-40 мянган хүнд эрт илрүүлэг, оношилгоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Таван Богд групп, дэлхийд эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч FIJIFILM корпорацын хиймэл оюун ухаан дээр суурилсан, эрт илрүүлэг, оношилгооны технологи бүхий Нура Зайсан төвийг өнөөдөр нээлээ.
Тус төв жилд 30-40 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай, өндөр хүчин чадал бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон гэдгээрээ онцлогтой.
Нура олон улсын төсөл нь Монгол, Япон, Энэтхэг, Вьетнам улсад 6 салбарт үйл ажиллагаа явуулж буй юм.
Өнгөрсөн оны есдүгээр сард нээлтээ хийсэн Нура төв жил хүрэхгүй хугацаанд 15 мянган үйлчлүүлэгчийг хүлээн авч, хавдрын 500 гаруй сэжигтэй тохиолдлыг илрүүлж, дараагийн шатны эмнэлэг рүү шилжүүлжээ. Хүйсийн хувьд 42 хувь нь эрэгтэй, 58 хувь нь эмэгтэй, насны бүлгээр 18-102 насныхан хамрагдсанаас нь 30-64 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа нь залуучууд эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдаж байгаа аж. Монгол Улсад хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдар, амьдралын хэв маягаас шалтгаалах архаг өвчнийг дунджаар 120 минутад түүвэрлэн авч, эрт илрүүлэг, оношилгооны 32 үзүүлэлттэй багц шинжилгээг эрүүл мэндийн салбарт хувьсгал хийсэн хиймэл оюун ухаанаар 99.7 хувийн магадлалтай оношилж байгаа юм.
Энэ тухай Таван Богд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан хэлэхдээ, “Нура Зайсан салбар эрүүл мэндийн салбарт онцгой дэвшил авчирсан хиймэл оюун ухаанаар дамжуулан шинжилгээний хариуг богино хугацаанд, үнэн зөв гаргуулж авснаар өвчний оношоо тодруулахаар гадагшаа явж буй урсгалыг бууруулж, цаашлаад хувь хүн, улсын эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулах боломж бүрдэж байна. Таван Богд групп зөвхөн монголдоо төдийгүй Төв Азийн бүсийн хөгжлийн гол тулгуур болсон Узбекистан, Киргизстан, Казахстаны зах зээлд гарахаар бэлтгэлээ хангаж байна. Мөн цаашлаад жилд 100 мянган хүнд үзлэг оношилгоо хийх, манай төвд илрүүлсэн өвчнийг эмчлүүлэх талд Монголынхоо эмнэлгүүдтэй хамтран ажиллах зорилготой ажиллаж байна” гэдгийг тодотгов.
Нээлтийн үеэр Фүжифильм Холдингс корпорацын Ерөнхийлөгч Гото Тэйчигээс дараах асуултад хариулт авав.
-Фүжифильм корпорац, Таван Богд групптэй хамтран Нура төвийн Монгол дахь салбарыг 2023 оны 9 дүгээр сард нээж, энэ хугацаанд 15 мянга гаруй үйлчлүүлэгчийг хүлээн авчээ. Нэг жилийн дараа хоёр дахь салбараа нээх болсон шалтгаан нь юу вэ?
-Нура төвөөр үйлчлүүлдэг үйлчлүүлэгчийн тоо их, үйл ажиллагааны зогсолтгүй байдал 100 хувь байгаа тул хоёр дахь төвөө нээхээр түргэвчилсэн. Өнгөрсөн жил анхны төвийн нээлтийн үеэр би Ц.Баатарсайхан захиралтай өнөөдрийн ийм амжилтад хүрмээр байгаа тухай ярьж байсан. Харин өнөөдөр энэ зорилгодоо хүрч чадсандаа маш их баяртай байна. Түүнчлэн хамтрагч Таван Богд группээрээ бахархаж байна.
-Таван Богд группийн захирал Ц.Баатарсайхан Бүгд Найрамдах Узбекистан улсад болсон “Монгол-Узбекистаны бизнес форум”-ын үеэр Нура эрт илрүүлгийн төвийг Узбекистан улсад нээж 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийнэ гэж мэдэгдсэн. Фүжифильм корпорац энэхүү төсөлд хэрхэн хамтран ажиллах вэ?
-Таван Богд групптэй хамтран Узбекистан улсад Нура төвийг нээх бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсаар дамжуулан Төв Азийн улсуудад урьдчилан сэргийлэх үзлэгийн соёлыг түгээх болно.
Нура Монгол төвийн хоёр салбарт нийт 300 эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчид үйлчилж буй юм.