ӨВӨРХАНГАЙ: Хужирт сумын сургуулийг Алтангадас одонгоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-08-01 15:47:02

Арвайхээр, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Энэ жил Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ой тохиож байна.  Ойн хүрээнд тус сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагналаа.

Үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нар, аймаг, сумын удирдлагууд төрөлх сургуулийнхаа түүхэн ойд очиж, хүндэтгэл үзүүлэн баяр хүргэсэн юм.


2010 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор тус сургуулийг 1947 оны анхны төгсөгч, Монгол Улсын Гавьяат багш, эрдэмтэн доктор Чой.Лувсанжавын нэрэмжит болгож байв. 1979 оны төгсөгчид сургуулийнхаа өмнө Чой.Лувсанжавын хөшөөг хүндэтгэн босгосон бөгөөд сум, сургуулийн удирдлагууд, төгсөгчдийн төлөөллийн хамт цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.


2023 онд улсын төсвийн 7.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийн барилгыг шинэчилж, 18 танхим, спорт, урлаг заал бүхий 320 хүүхдийн шинэ сургуультай болсноор Хужиртын 1400 гаруй хүүхэд ая тухтай орчин нөхцөлд сурч хүмүүжиж байна. 








Холбоотой мэдээ