Хэнтий аймгийн хүүхдүүдийн  63 хувь нь мөнгөө бэлнээр авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-12 12:51:16

Хэнтий аймгийн хэмжээнд нийт 24040 хүүхэд хүүхдийн мөнгө авдгаас 63 хувь нь бэлнээр, үлдсэн 37 хувь нь бэлэн бус хэлбэрээр авах юм. Одоогоор Өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд 7-10 сарын мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр олгож эхлээд байна.

Хүүхдийн мөнгийг бэлнээр олгох өрхийн босго оноог амьжиргааны түвшний үнэлгээний 502,567 болон түүнээс доош оноотой өрхийн хүүхдэд олгохоор тогтоожээ. Харин босго онооноос дээш оноотой өрхийн хүүхдийн мөнгийг Сангийн яам дансанд нь бичилт хийн, хүүхдүүдийн нэрийн дансанд байршуулан, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон 2019 оноос үе шаттайгаар нөхөн олгох юм байна.

Монгол Улсын Засгийн газраас Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг 2012 оны аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж, Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20,000 мянган төгрөгийг олгож эхэлсэн. Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж, 2016 оны төсөвт 144.0 тэрбум төгрөгийг төсөвлөн баталсан байна. Үүнтэй холбогдуулан УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэж, 2016 оны нэгдүгээр сараас эхлэн олгож эхэлсэн юм.

Гэвч ардын хүүхдүүдийг алаг үзсэн гэх иргэдийн гомдол ихээхэн байсныг барагдуулж, 2016 оны 07 дугаар сарын 01-нээс Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсын 0-18 хүртэлх насны бүх хүүхдэд олгохоор шийдвэрлэгдсэн байна. Ингэхдээ Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх хүүхдэд бэлэн ба бэлэн бус хэлбэрээр олгох болжээ.

О.Буянхишиг

 

 

 

Холбоотой мэдээ