Францын олон музей цахим халдлагад өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИПАРИС, 2024 оны наймдугаар сарын 6 /AFP/. Парисын Олимпын тэмцээн уралдаанууд болж буй “Grand Palais” ордон болон Францын 40 орчим музей амралтын өдрүүдэд цахим халдлагад өртсөн тухай цагдаагийн эх сурвалж даваа гарагт Франс Пресс агентлагт мэдээлжээ.
Кибер гэмт хэрэгтнүүд бямба гаргийн шөнө янз бүрийн
институциудад байрладаг брэндүүдийн “санхүүгийн мэдээллийг төвлөрүүлэхэд” ашигладаг системийг онилсон байна. Халдлага үйлдэгчид "санхүүгийн мэдээллийн нууцыг дэлгэнэ" хэмээн
сүрдүүлж мөнгө нэхжээ.
Францын кибер аюулгүй байдлын үндэсний агентлаг болох ANSSI уг хэргийн талаар мэдээлэл
авсан гэдгээ мэдэгдээд, цахим халдлагад өртсөн системүүд Олимпын наадамд хамааралгүй болохыг дурдсан байна.
Соёлын томоохон үзэсгэлэнгүүдийг зохион байгуулдаг бөгөөд одоогоор Олимпын туялзуур сэлэм, тулааны тэмцээнүүд болж буй “Grand Palais” ордны зүгээс цахим халдлагад өртсөн гэдгээ баталсан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Дэлхий дахинд алдартай Луврын музей халдлагад өртсөн байж магадгүй гэж цагдаагийн эх сурвалжийн мэдээлэлд дурдсан боловч музейн удирдлага үүнийг үгүйсгэсэн байна.
Цагдаагийн эх сурвалжийн хэлснээр, зохион байгуулалттай бүлэг этгээдүүдийг "мэдээллийн системд халдсан, сүрдүүлж мөнгө авахыг оролдсон" хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Ransomware халдлага
гэдэг нь кибер гэмт хэрэгтнүүд компьютерийн системд нэвтрэн ороод өгөгдөлд хандах боломжгүй
болгож, улмаар тэдгээрийг буцаан сэргээсний хариуд төлбөр мөнгө нэхэхийг хэлдэг.