ЗАВХАН: Хүүхэд эхийн сүүн дэх дархлааны уураг, дархлаа идэвхт бодисуудаар тэжээгддэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоног үргэлжилж байна. Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн.
Энэ жил “Ялгааг арилгая: Бүх эхчүүдийг хүүхдээ эхийн сүүгээр хооллохыг
дэмжицгээе” уриа дор
тэмдэглэж байна.
Манай улсад: Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 4.2.-т “Эх нь нас барсан, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар хүүхдийг эхийн сүүгээр хооллох боломжгүй, энэ хуулийн 15.2-т заасан эхийн сүүний нөөцийн банк нөөцгүй тохиолдолд хүүхдийн сүүн тэжээлийг эмнэлгийн мэргэжилтний заавраар хэрэглэж болно” гэж заасан байдаг.
Хүүхдийг эхийн
сүүгээр хооллохыг дэмжих нь яагаад чухал болохыг Завхан аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгаас
тодрууллаа.
Завхан аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн
эрхлэгч Б.Сэр-Од:
-Өдрийн мэнд.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих 7 хоног болж байна. Энэ өдрүүдийн
хүрээнд танайхаас ямар ажил явуулж байна вэ?
-Манай тасагт сард 50-60 орчим эмэгтэй амарждаг. Бид эдгээр эмэгтэйчүүдэд амаржихаас өмнө
болон амаржсаны дараах зөвлөгөө мэдээллийг байнга өгдөг. Эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдрүүд нь жил бүхэн өөрийн гэсэн
өвөрмөц уриатай байдаг бөгөөд энэ жил “Ялгааг арилгая: Бүх эхчүүдийг хүүхдээ
эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе”, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийн
хоёрдугаар зорилт буюу “Өлсгөлөнг
зогсооё” зорилттой уялдуулан тэмдэглэж байна.
Төрсний дараах
эхний 7 хоногт эрүүл мэндийн ажилтнаас эхийн сүүгээр хооллолтын талаарх
зөвлөгөө, тусламж авч чадаагүй эхчүүд эхний 6 сард эхийн сүүгээр дагнан
хооллох, цаашид үргэлжлүүлэн амжилттай хооллох магадлал буурдаг судалгаа
байна.
Тиймээс энэ
жилийн “Эхийн сүүгээр хооллохыг дэмжих 7 хоног”-ийн гол зорилго нь эхчүүдэд
хүүхдээ эхийн сүүгээр хооллохын ач холбогдлын талаар эрүүл мэндийн
ажилтнууд, эмч нар зөвлөгөө
өгч таниулах юм. Өнөөдрийн байдлаар, 350 гаруй эхэд зөвлөгөө мэдээлэл өгөөд байна.
Эхийн сүүгээр хүүхдийг хооллох нь нийгмийн ялгааг арилгах гол хүчин зүйлсийн нэг болдог. Үүнээс гадна эх, хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Ялангуяа, эхийн хөхний болон умайн хүзүүний хавдар, таргалах, яс сийрэгжих, зүрх судасны эмгэг тусах эрсдэлийг багасгана. Хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг дэмжиж, халдварт болон халдварт бус өвчин тусах магадлалыг бууруулдаг.
Тиймээс хүүхдээ эхийн сүүгээр хооллож байгаа эхчүүдийг сайшаах, олон нийтийн газар хүүхдээ хөхүүлж буй эхийг эергээр хүлээн авах хэрэгтэй юм. Хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, тусламж үйлчилгээ, хяналт, зөвлөгөөг сайжруулж, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх. Хүүхдээ асрах цалинтай чөлөө, алсын зайнаас ажиллах боломж, ажлын цагийн уян хатан байдлыг бодлогоор дэмжих. Ажлын байран дээр болон үйлчилгээний байгууллагууд хүүхдээ хөхүүлэх, сүүгээ саах зэрэг орчныг бий болгох. Гэх мэтчилэн хүүхдэд ээлтэй өрөөг тохижуулахыг Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уриалсныг бид дэмжиж орон нутагтаа ажил хэрэг болгож байна.
-Хүүхдийг зөвхөн
эхийн сүүгээр хооллох нь яагаад чухал байдгийг тайлбарлаж өгнө үү?
-Хүүхдэд хамгийн
сайн хоол бол эхийн сүү гэдгийг хүн бүр мэддэг ч зарим ээж ажлын шаардлага,
эрүүл мэндээс шалтгаалан эхийн сүүгээр дангаар нь хооллож чаддаггүй. Уг нь хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор эх, үрсийн эрүүл мэндэд ихээхэн чухал ач холбогдолтой юм.
Нярай хүүхдийг
зөв хооллосноор тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт, хөгжил улмаар тэдний
амьдрах чадварыг сайжруулдаг.
Хүүхдийг төрсний
дараа 24 цагийн дотор эхийн сүүг амлуулах нь хүүхдийн эндэгдлийг 22 хувиар
бууруулдаг. Мөн дан эхийн сүүгээр хооллолт нь хатгалгаа өвчнөөр өвдөх
тохиолдлыг 23 хувиар, суулгалтаар өвдөх эрсдэлийг 10.5 дахин, хатгалгаагаар нас барах эрсдэлийг
15.1 дахин бууруулдаг судалгаа бий. Үүний зэрэгцээ 6–23 сар хүртлээ
үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл
2.8 дахин бага, эхийн сүүгээр хооллоогүй 6-11 сартай хүүхдийн бүх шалтгаант нас
барах магадлал 56, 12-23 сартай хүүхдийнх 23 хувиар тус тус өсдөг.
Манай улсын хувьд
сүүлийн хоёр жилд төрсөн хүүхдийн 98.3 хувь нь ямар нэгэн хэмжээгээр эхийн
сүүгээр хооллодог байна. Гэсэн ч хатгалгаа, суулгалтаар эндэх хүүхдийн тоо
төдийлөн ахицтай буурахгүй байгаа учир хүүхдийг эхийн сүүгээр хооллоход
анхаарлаа хандуулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үздэг юм.
Манай улс 1992
оноос "Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж
эхэлсэн. Хүүхдийн эрхийн конвенц, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү
орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл
ажиллагааг нэвтрүүлж ирсэн.
Тийм учраас хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээл юм гэдгийг нийгэмд уриалж, хуульчилж өгсөн. Нялхас, бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах юм. Төрсний дараа эхний зургаан сар эхийн сүүгээр дагнан хооллох аргыг олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Тиймээс эдгээр өдрүүдэд энэ талын танин мэдэхүйн зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд таниулах нь чухал. Манайхаас олон нийтийн сүлжээ болон амаржих газрын мэдээллийн самбараар дамжуулан мэдээллийг өгч байна. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар ирж буй эмэгтэйчүүдэд энэ талын зөвлөгөө, мэдээллийг байнга өгч байна. Ялангуяа ач холбогдлыг таниулахаас гадна, эрсдэлт хүчин зүйлүүдийг ч таниулж байна.
Завхан аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн
нярайн эмч Н.Түмэннаст:
-Хөхөөр хооллолтын ач холбогдлын талаар хүмүүс мэддэг боловч
зургаан сар хүрээгүй хүүхдэд тэжээлийн сүү, үнээний сүү, ус өгдөг. Хүүхдийг яагаад зөвхөн
хөхөөр хооллох ёстой вэ?
-Дөнгөж төрсөн нярай хүүхдийг амьдралын эхний нэг цаг дотор багтан хөхийг нь амлуулах
ёстой. Хүүхэд эхийн умай доторх амьдралаасаа шинэ амьдралд шилжиж, бие махбодь
нь дасан зохицож хөхөө хөхөж амлахад бэлэн болоход ойролцоогоор 30 минут
шаардагддаг. Ингээд амьдралын эхний зургаан сар хүүхдийг дан хөхөөр хооллох
ёстой. Өөрөөр хэлбэл, хүүхдэд буцалсан ус, байхуу цай, үнээний сүү, сүүн тэжээл
огт өгч болохгүй. Мөн угж, саатуулагч, хонины сүүл хөхүүлж болохгүй. Хүүхэд дан
ээжийнхээ хөхийг хөхөх ёстой юм. Зургаан сар хүрмэгц хүүхдэд нэмэгдэл буюу бор
хоолыг танилцуулж, хамгийн багадаа хоёр нас хүртэл нь хөхүүлэхийг
зөвлөдөг. Хоёр наснаас хойш ээж, хүүхэд хоёр хүссэн хугацаагаараа хөхүүлэх нь
эх хүүхдийн эрүүл мэндэд маш их ач холбогдолтой.
Дэлхийн бүх улс оронд хийгдсэн олон жилийн судалгааны үндсэн
дээр үүнийг нотлоод, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага дээрх зөвлөмжөөр
хооллохыг дэлхийн бүх улс оронд зөвлөдөг. Манай улс ч энэхүү зөвлөмжийг
хэрэгжүүлэх хууль, эрүүл мэндийн сайдын тушаал, удирдамжтай.
-Хүүхдээ
зөвхөн хөхний сүүгээр хооллох нь хүүхдэд, бас эхэд ч эрүүл мэндийн хувьд сайн
гэж хэллээ. Тайлбарлаж өгөхгүй юу?
-Эхийн сүүний ач
тус хүүхдэд болон эхэд хоёуланд нь эрүүл мэндэд нь ач тустай. Эхийн сүү хүүхдэд юугаар ч сольшгүй хоол болж, тэдний өсөлт,
хөгжлийг хангана. Халдварт өртөх эрсдэлийг бууруулна. Хүүхдийн уураг тархины хөгжлийг
түргэтгэж ухаантай болгоно. Хүүхдийн сэргэлэн цовоо өсөж хөгжихөд дэмжлэг
болно. Харшилд өртөхийг багасгана. Эхийн сүүгээр хооллодог хүүхэд эрт хэлд,
хөлд орно гээд ач тус нь их. Харин ээжид төрсний дараа умайн агшилтыг
сайжруулснаар цус алдалтыг бууруулна. Өндгөвч, хөхний хавдар өвчнөөс тодорхой
хувиар сэргийлнэ. Төрсний дараах эхний саруудад жирэмслэлтээс хамгаалах
боломжийг олгоно. Эх, үрийн холбоо сайжирна. Сэтгэл зовних, айх, цочрохыг багасгана. Хүүхдээ хооллох эдийн
засгийн хэмнэлттэй тохиромжтой арга болж өгдөг юм.
Тухайлбал хөхөө
хангалттай хөхөж, хоол тэжээлийн дутагдалд өртөөгүй хүүхдүүд нь сурах, хөгжих
чадвар өндөр байдаг ба сургууль завсардалтад хэзээ ч өртдөггүй байх жишээтэй.
Харин сүү
орлуулагч хэрэглэж буй хүүхэд эхийн сүүгээр хооллож буй хүүхэдтэй харьцуулахад
амьдралынхаа эхний зургаан сарын дотор эндэх эрсдэл хоёр дахин, ходоодны
үрэвсэлд өртөх эрсдэл тав дахин их байдаг.
Харин эхийн
сүүгээр хооллож буй хүүхэд эхийн сүү орлуулагч хэрэглэж буй хүүхдээс
арьсны харшил, чихрийн шижинд өртөх эрсдэл хоёр дахин, тунгалгийн хавдарт өртөх эрсдэл найм дахин бага
байдгийг судлан тогтоосон байдаг юм.
Эхийн сүүгээр хооллох нь төрөлт хоорондын зайг уртасгах, ойрхон жирэмслэх эрсдэлийг багасгана. Эхийн сүүгээр хооллох аргыг вирусийн эсрэг эмчилгээтэй хослуулснаар эхээс урагт ХДХВ халдвар дамжих эрсдэлийг бууруулдаг зэрэг олон давуу талтай юм. Дахин хэлэхэд хөхний сүү бол нярай хүүхдийн хоол боловсруулах замд тохирсон хамгийн төгс хоол. Мөн хүүхдийн хэрэгцээгээр өөрчлөгддөг цорын ганц ухаалаг хүнс шүү дээ.
Хүүхэд өлсөхөд ээжид энэ мэдрэмжээр дамжин хөхний сүү боловсордог. Ээж, хүүхэд холбоотой шүү дээ. Тиймээс л хөхний сүү, эхийн сүүн дэх дархлааны уураг, дархлаа идэвхт бодисуудаар хүүхэд тэжээгддэг юм. Тиймээс бид эдгээр өдрүүдэд төрсөн болон жирэмсний хяналтад байгаа эхчүүдэд эхийн сүүгээр хооллолт нь яагаад чухал болохыг, нийгмийн ялгааг арилгах гол хүчин зүйлүүдийн нэг болдог тухай ч таниулж байна.
-Танд баярлалаа.