Ямайкийн тамирчин зээрэнцэг шидэлтийн төрөлд дээд амжилт тогтоолоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТПАРИС, 2024 оны
наймдугаар сарын 8 /AFP/. Ямайкийн тамирчин Рохе Стона лхагва гарагт зээрэнцгийг 70.00 м-ийн
зайд шидсэнээр Олимпын
дээд амжилтыг эвдэж, алтан медалийн болзол хангалаа.
Харин
дэлхийн дээд амжилтын эзэн, Литвийн тамирчин Миколас
Алекна 69.97 м-ийн амжилтаар мөнгөн медаль, Австралийн
Мэттью Денни хүрэл медаль /69.31 м/ тус тус хүртсэн байна. М.Денни өмнө нь Олимп, ДАШТ-ий дөрөвдүгээр
байрт шалгарч байжээ.
М.Алекна хоёр дахь оролдлогоороо хувийн дээд амжилтаа
шинэчилж, Олимпын
рекордыг эвдсэн байна. Гэвч 2000, 2004 оны Олимпын зээрэнцэг шидэлтийн
төрөлд аваргалж байсан эцэг Виргилюсийнхээ амжилтыг давтах төлөвлөгөөг нь Ямайкийн тамирчин талаар болгожээ.
Р.Стона дөрөв дэх оролдлогоороо 70 м-ийн дээд амжилтыг тогтоосон байна. Түүнийг өнгөрсөн бямба гарагт Олимпын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд гурав дахь удаагаа дараалан алтан медаль хүртсэн Америкийн тамирчин Райан Кроузер
дасгалжуулжээ. Р.Стона өнгөрсөн онд Будапештэд болсон ДАШТ-д 19 дүгээр байр эзэлж байв.
“Маш
онцгой үдэш болж байна. Хүсэж мөрөөдөж байсан зүйлдээ хүрч чадсандаа маш их
баяртай байна. Хэдийнэ шилдэг наймд шалгарсан байсан болохоор алдах зүйл
надад байгаагүй. Өөрийнхөө хийж чадна гэж бодож байгаагүй зүйлээ хүртэл
хийж чадлаа” хэмээн Ямайкийн 25 настай тамирчин сэтгэгдлээ хуваалцжээ.