Долоон сард скүүтэр, суррон дугуйнаас бэртсэн 178 хүн тусламж авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд скүүтэр болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Ялангуяа өсвөрийнхний дунд скүүтэр, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байгаа аж.
Нийслэлд дугуйн зам хангалттай хэмжээнд байхгүй, мөн цахилгаан моторт дугуйн хэрэгслийг явган хүний зам, авто замын хөдөлгөөнд оролцуулах тодорхой дүрэм журам байхгүйгээс үүдэн энэ төрлийн осол гэмтэл гарч байгааг холбогдох албаныхан мэдээлж буй. Тиймээс скүүтэр болон суррон дугуйгаар зорчиж буй иргэд авто замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, явган зорчигчийг мөргөж гэмтээх, хоорондоо мөргөлдөх, хашаа хайс болон барилга байгууламж мөргөх, нүхэнд унах, онхолдож гэмтэх зэрэг тохиолдол гарч байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2022 онд 96, 2023 онд 229 тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны эхний долоон сарын байдлаар 178 тохиолдол гарч, тусламж авчээ.
Иймд скүүтэр
болон суррон дугуйгаар зорчих үед хурдаа тохируулах, зайлшгүй үед хэрхэн
зогсоох мэдлэгтэй байх, хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх, зорчих үедээ анхаарал
сарниулах, харагдах орчныг хязгаарлах, орчноос тусгаарлах гар утас, чихэвч хэрэглэхгүй
байж өөрийн болон бусдын эрүүл мэндэд анхаарал болгоомжтой хандахыг эрүүл
мэндийн байгууллагаас сэрэмжлүүлэв.