Сэхээн амьдруулах яаралтай тусламжийн тасаг байгуулах хөрөнгийг шийдэхээ амлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-12 15:01:44

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах иргэдийн санал боловсруулагдаж байна.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил нар сумдадаа ажиллаж байна. Энэхүү ажлынхаа хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа 2016 оны сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн Хурлын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч байна. Харин аймгийн Засаг дарга Ш.Оргил өөрийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах саналуудыг байгууллага, иргэдээс газар дээрээс нь сонсох, ирэх дөрвөн жилд хийгдэх ажлуудыг танилцуулах, шийдвэрлэж болох тодорхой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой ийнхүү ажиллаж байгаа юм.

Аймгийн удирдлагууд энэ удаа Сүхбаатар сумын томоохон аж ахуй нэгж байгууллагуудаар явж ажилтан албан хаагчидтай уулзлаа. Төмөр замын ажилтан албан хаагчдаа амьдарч буй байруудын засвар тохижилт, сантехникийн шугам сүлжээ, дээвэр, халаалтын асуудалд байгаа хүндрэл бэрхшээлээ дуулгав. Харин эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнуудын хувьд сэхээн амьдруулах яаралтай тусламжийн тасаг нэн яаралтай хэрэгцээтэй байгаа. Түүнчлэн цусны төвийн байргүйгээс тоног төхөөрөмж нь агуулахад үр ашиггүй хадгалагдаж буйгаа ярилаа. Мөн түргэн тусламжийн 9 машины 8 нь элэгдлээ нөхсөн заалт километр нь гүйцсэн зэрэг хүндрэл бэрхшээлээ дурьдаж байв. Үүний хариултыг аймгийн удирдлагууд “Нэн яаралтай Сэхээн амьдруулах тасгийн хөрөнгийн асуудлыг шийдэж өгье, Цусны төв, Сүрьеэгийн тасгийг тусгаарлах асуудлыг дотоод нөөц боломжиндоо тулгуурлан шийдье. Түргэн тусламжийн машины хувьд эрүүл мэндийн яамнаас хэд хэдэн аймгуудад пургон машин олгохоор яригдаж байгаа үүнийг хамгийн түрүүн олгуулахаар хөөцөлдөнө" гэдгээ хэллээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ