Монгол Улс Ази, Номхон далайн бүсэд тээвэр, ложистикийн даатгалын нэгдсэн системтэй болох санал тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-08-14 12:34:56

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн орнууд дунд тээвэр, ложистикийн даатгалын нэгдсэн системтэй болох санал тавилаа.

Энэ талаар ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагчийн байранд өнөөдөр болсон “Монголын Тогтвортой цахим худалдаа болон тээвэр” сэдэвт олон улсын семинар дээр мэдэгдлээ.




Тэрбээр хэлэхдээ, “Бид Ази, Номхон далайн бүсийн орнууд дунд тээвэр, ложистикийн даатгалын нэгдсэн системтэй болох талаар НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудад санал тавьж байна. Ингэснээр тээвэр, ложистикийн салбарт гарч буй олон саад, бэрхшээлийг цогцоор шийдэх боломжтой болно хэмээн харж байгаа. Бусдаар үүсэж буй бэрхшээл, тулгарч буй асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээр болон гэрээгээр тэр бүр шийдэхгүй. Үүнийг бүс нутгийн хэмжээнд цогцоор авч үзэх хэрэгтэй байна гэсэн юм.



Өнөөдрийн семинар уулзалтаар хуурай боомтын талаар нилээн хөндсөн хэлэлцсэн юм. Хуурай боомт нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд нэн чухал байгууламж бөгөөд цахим төхөөрөмжөөр тоноглогдсон хуурай боомт нь өндөр үр ашигтай байх боломжтойг Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далай, Зүүн өмнөд Азийн бүс нутаг хариуцсан төлөөлөгч Ерабала Кишоре Бабу “Монгол Улсын мэдээлэл, технологийг салбарын бэлэн байдал” гэсэн илтгэлдээ дурдлаа. Тэрбээр, мэдээлэл, технологийн хөгжил (ICT development index)-ийн индексээр Монгол Улс 85.9 оноотой байсан бол 87.0 болгож нэг хувиар байраа ахиулсныг мэдээллээ.




Цахимжсан хуурай боомтыг хөгжүүлэх талаар санал нэг байгаагаа Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцтэгэх захирал Д.Дөлгөөн илэрхийлж, хөрш дамжин өнгөрөгч болон бусад түнш орнуудтай хамтран ажиллахад тээвэр, худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийг төрөлжүүлэхэд тустайг тэрбээр онцоллоо.

Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Н.Энхнасан өнөөдрийн семинарт тавьсан “Монголын тээврийн салбарт тулгарч буй бэрхшээл” илтгэлдээ, далайд гарцгүй улсын хувьд Монгол Улс Замын-Үүд дээр хуурай боомт байгуулах нь манай улсад чухал байна гэсэн тодорхой саналыг мөн дэвшүүллээ. Тэрбээр хуурай боомтын ТЭЗҮ хийж гаргахад мэргэжлийн байгууллагууд бэлэн байгааг хэлж, тээвэр-ложистикийн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэв.



Түүнчлэн Монгол Улс Тээвэр ложистикийн нэгдсэн корпорацтай болох цаг ирсэн. Ингэснээр хоёр хөрш болон бусад улс оронтой нэгдсэн нэг талбар платформоор холбогдож, хамтран ажиллах, өрсөлдөх боломж гарч ирнэ гэдгийг онцлон хэлсэн юм. Учир нь өнөөдөр манай улсад худалдаа нь хөгжөөд байхад тээвэр ложистик нь хоцорч байна. Гэтэл бусад улсад тээвэр ложистик нь худалдаанаасаа түрүүлж явааг хэллээ.


“Монголын Тогтвортой цахим худалдаа болон тээвэр” сэдэвт олон улсын семинар үдээс хойш цахим худалдааг хөгжүүлэх нь сэдвээр үргэлжиллээ. ЗТЯ тээвэр, худалдаанд албан бичгийн цаас солилцоог халж цахим системд шилжиж буй талаар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) инновац гэсэн шинэ бүтэцтэй болж буй талаар тус тус танилцуулж мэдээллээ. 

Холбоотой мэдээ