Баянхонгорт 4.3 сая мал өвөлжиж, хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-12 20:22:14

Баянхонгор аймгийн 20 сумын 104 багийн 10600 гаруй малчин өрхөд 4.3 сая толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 6.2 сая толгой мал өвөлжиж хаваржина. Нийт малын 60 шахам хувь нь ямаа бол, хонь 30 шахам хувь нь байна.

Харин тэмээ 48 мянга, адуу 152.2 мянга, үхэр 207 мянга буюу дөнгөж 10 орчим хувьтай байгаа ажээ.

Манай аймгаас Говь-Алтай аймгийн Чандмань, Дэлгэр, Эрдэнэ сумдад Баянцагаан, Баян-Өндөр сумын 12 өрхийн 5.5 мянган толгой мал, Архангай аймгийн Булган, Ихтамир, Цэнхэр, Хангай, Чулуут сумдад Галуут, Эрдэнэцогт, Гурванбулаг, Жаргалант сумын 132 өрхийн 13.1 мянган толгой мал, Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумд Өлзийт сумын 2 өрхийн 0.9 мянган толгой мал тус тус өвөлжиж, хаваржина. Харин аймаг дундын отрын бүс нутаг буюу Говь-Алтай аймгийн Дэлгэр сум Аргалантад Бууцагаан сумын 15 өрхийн 6,5 мянган толгой мал өвөлжиж, хаваржих аж.

Улсын тусгай хамгаалалттай Их Богд, Идрэнгийн нуруу, Жаргалант сумын Өвөр хатавч, Гурван голын эх, Галуут сумын Өхэг, Хуримт, Цагаан цохиот, Өлт, Буянт, Цохиот, Тээл, Өл, Урт, Ёл, Бага Жарагалантын тусгай хамгаалалттай газарт Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Галуут, Жаргалант сумдын 400 өрхийн 154 мянган толгой мал тус тус өвөлжиж, хаваржих бол манай аймгийн Гурванбулаг сумд Завхан аймгийн Отгон сумаас 6 өрхийн 5,5 мянган толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо судалгаа гарчээ.

                                                                                                                       Б.Мөнхзул

Холбоотой мэдээ