И.Басхүү: Яс нөхөх хагалгаа хийж, шүдийг үүдэл эсээр эмчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khandmaa@montsame.gov.mn
2024-09-04 11:46:52

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсад эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж яваа хамт олны нэг нь “Басхүү имплант клиник” юм. Тус хамт олон хамгийн орчин үеийн технологиор, өндөр хөгжилтэй орнуудынхаас 4-5 дахин хямд, хамгийн аюулгүй, найдвартай, итгэлтэй эмчилгээг үзүүлдгээрээ олны талархлыг хэдийн хүлээжээ. Эмнэлгийн захирал, бизнесийн ухааны магистр, клиникийн профессор Идэшийн Басхүүг "Mongolia today" сэтгүүлийнхээ зочин хойморт урьж ярилцсан юм.

 

-Эмнэлэгт тань орж ирэхэд уран зургийн галерей шиг намуун тайван орчин угтах юм. Монголын орчин үеийн дүрслэх урлагийн залуу уран бүтээлчдийн өнгөлөг бүтээлүүд ч байна. Та уран зураг сонирхдог уу?

-Шүдний эмч хүн уран бүтээлч сэтгэхүй, маш өндөр мэдрэмж, дүрслэлийн харьцаа зэргийг ажил мэргэжилдээ тусгаж ажилладаг. Тийм учраас шүдний эмч нар урлагтай, ялангуяа уран зурагтай их ойрхон байдаг гэж хэлж болно. Зурагны өнгөний ялгарал, дүрсийн харьцаа, алслал гэдэг чинь яг шүдэн дээр давтагддаг.

Ямар ч хүн шүдний эмнэлэгт орж ирэхдээ багад нь суусан айдастай байдаг л даа. Тэр айдсыг нь үргээж, тайвшруулах, тав тухтай орчинд үйлчлэх зорилгоор аль болох эвтэйхэн байлгахын тулд уран зураг болон бусад зүйлээр эмнэлгээ тохижуулсан юм. Ер нь бол, миний аав зургийн багш хүн байсан. Би өөрөө ч уран зурагт дуртай байлаа. 


-Уран зурагт дуртай хүүхэд эмч, тэгэхдээ бүр шүдний эмчийн мэргэжлийг сонгосондоо баяртай явдаг юм байна, тийм үү?

-Хүүхэд байхад эргэн тойронд маань эмч болох хүсэлтэй найз нар олон байв. Тэгээд уралдаант шалгалтын /конкурс/ дүнгээр өөрийн сонгох боломжтой хуваариудыг харж байтал “Нүүр, амны гоо сайхны эмч” гэж байв. Аав маань хүнийг гоё болгодог шинэ мэргэжил шиг байна, сонговол яасан юм гэж зөвлөсөн. Өмнө нь “шүдний эмч” гэдэг нэртэй хуваарь ирдэг байсан болохоор шинэ мэргэжил гэж ойлгож л дээ. Одоо энэ салбарт амжилттай яваагаа тухайн үед сонголтоо зөв хийж дээ гэж бодогддог.


-Нийслэл хотын төвд байрлалтай, “Басхүү имлант клиник” хэмээх өнөр бүл маш амжилттай ажиллаж яваагийн “нууц”-аас хуваалцаж болох уу?

-Бид насан туршийн инээмсэглэлийг хүмүүст өгөх зорилготой ажилладаг.  Тиймээс миний өөрийн болоод манай эмнэлгийн философийг хамгийн найдвартай, аюулгүй, итгэлтэй гэсэн 3 үгээр тодорхойлж болно.

Манай эмнэлэг одоогоор 50 гаруй орон тоотой, 23 эмчтэй. Ар гэрийнхэнтэй нь нийлээд 150 гаруй хүний өмнө тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээж байгаа гэж ойлгодог тул хариуцлагатай, найдвартай ажиллах ёстой байдаг. Гэхдээ миний чадвар, боломж мэдээж хязгаарлагдмал. Миний нэрийг гаргаад энэ эмнэлгийг сайн сайхан авч яваа нь баг хамт олон маань юм. Манай эмнэлгийн гүйцэтгэх захирал, хүний нөөц, гадаад, дотоод харилцааны менежерүүд миний дутуу тал, миний хийхгүй байгаа, миний хийж чадаагүй, хийж чадахгүй байгаа юмыг нөхөж яваа учир энэ эмнэлэг сайн нэртэй яваа гэж би боддог.


-Танай эмнэлгийг гаднаа их том хаягтай байх болов уу гэж анх бодсон. Гэтэл хаяг харагдсангүй. Угаас ийм байв уу, эсвэл өөр шалтгаантай юу. Яаж үйлчлүүлэгчээ татаад байна вэ?

-Эмнэлэг ч юм уу, тухайн компани янз бүрийн үе шатыг давна. Гудамжаар явж байгаад, энд шүдний эмнэлэг байна гээд орж ирэн шүдээ эмчлүүлэх хүмүүс бидэнд чухал биш.


Шүд маань надад үнэ цэнтэй, түүнийгээ хамгийн сайн эмнэлэгт эмчлүүлнэ гэж бодож байгаа тийм хүмүүст зориулж бид үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг.


Үйлчлүүлэгчийнхээ шүдийг сайн эмчлээд өгөхөөр тэр хүн дараагийн хүнийг дагуулаад ирнэ. Энэ мэт аман маркетингээр хүмүүст манай эмнэлэг их танигдсан л даа.

Бид урьд нь телевизэд нэг удаа л ярилцлага өгсөн. Хэт их ачаалал үүсээд тайван, аюулгүй орчинд шүдээ эмчүүлэх гэсэн хүмүүсийн тав тух алдагдахаас болгоомжлоод нийтийг хамарсан маркетинг явуулахаа больсон.


-Тэгэхээр танай эмнэлгийг зориод ирсэн хүнд ямар ямар үйлчилгээ үзүүлж байна вэ. Шинэлэг технологиудаасаа танилцуулж болох уу?

-Манай эмнэлэгт шүдний бүх төрлийн эмчилгээ хийж байна. Урьдчилан сэргийлэх, эмчлэх гэсэн 2 чиглэлээр үйлчилдэг. Эхлээд “Та ирээдүйд ийм өвчлөлөөр өвдөх эрсдэлтэй байна, ингэж урьдчилан сэргийлээрэй, гэр бүлдээ үүнийг анхааруулаарай“ гэх байдлаар мэдлэг, мэдээлэл өгнө.

Эмчилгээний хувьд, хамгийн орчин үеийн технологийг нэвтрүүлж байна. Манай эмнэлэг имлант хийгээд 20 жил болохдоо 13 000 гаруй тохиолдолд эмчилгээ хийсэн байна. Хүн шүдгүй олон жил явчихаар яс нь хатангиршиж жижгэрдэг л дээ. Түүнчлэн дархлаа муутай зарим хүний шарх эдгэхгүй, эмчилгээ үр дүнгүй болох нь бий.


Тиймээс бид яс нөхөх хагалгаа, үүдэл эсийг шүдний болон хөгшрөлтийн эсрэг эмчилгээнд нэвтрүүлээд байна. Хамгийн сүүлийн үеийн эдгээр эмчилгээг гадаадын их сургуулийн эмнэлгүүдэд л хийдэг. Тэгэхээр эмнэлгийн маань технологи, эмч нарын маань ур чадвар тэдэнтэй адил түвшинд очсон гэсэн үг юм.


-Дэлхийн топуудтай л бид өрсөлдөнө гэж та ярилцлагын өмнө хэлж байсан. Тэгэхээр үүдэл эсийг шүдний эмчилгээнд ашиглаж буй газар цөөхөн гэж ойлгож болох уу?

-Хуучин бид ямар нэг технологи хөгжсөний хойно, тэр технологийг авах гэж араас нь хөөцөлддөг арга барилтай байлаа. Одоо бол бид технологийг хөгжиж байхад нь зэрэгцэн оруулж ирэх, монголчууддаа ашиг тусыг нь хүртээх боломжийг эрэлхийлдэг болсон.


Үүдэл эсийн эмчилгээ дэлхийн анагаах ухаанд яг эрчимтэй хөгжиж байна шүү дээ. Монгол Улсын хувьд үүдэл эсийг эмчилгээнд ашиглаж байгаа шүдний эмнэлэг одоогоор манайхаас өөр байхгүй.


БНСУ-д гарын 5 хуруунд тоологдох эмнэлэг үүдэл эсийг шүдний эмчилгээндээ ашиглаж байна.


-Тэгэхээр үүдэл эсийг эмчилгээнд хэрхэн ашиглаж, ямар үр дүнд хүрч байна вэ?

-Товчхондоо, үүдэл эс нь тухайн хүний амьдрал анх үүсэх тэр агшинд бий болж эхэлдэг эсүүд юм. Тэр эсүүдээс мөгөөрс, элэг, дэлүү зүрх бүх эд эрхтэн салбарлаж үүсдэг гэсэн үг. 

Үүдэл эсийг шүдний яг хэрэгцээтэй газар тарих, судсаар тарьж биед оруулах гэсэн 2 янзаар бид хэрэглэж байна. Хөгшин эсийг залуу эс болгон хувиргаж байна гэсэн үг юм. Ингэснээр хөгшрөлт удааширна. Хамгийн гол нь хүний дархлаа сайжирч байна. Янз бүрийн эмчлэгддэггүй өвчнүүдийг анагааж байна.

 

ДИЗАЙНЫГ НЬ КОМПЬЮТЕРООР ГАРГАЖ,

ШҮДИЙГ РОБОТООР ХИЙЖ БАЙНА

-Энэ мэт нарийн технологийг нутагшуулахад тоног төхөөрөмж нь чухал байх?

-Бид ур чадвараас гадна эмч нарынхаа мэдлэгийг тасралтгүйгээр хөгжүүлж байдаг. Технологийг бол найдвартай, сүүлийн үеийн байх ёстой гэсэн зарчим барьдаг. Тиймээс шүдний салбарт хиймэл шүд, бүрээс хийж байгаа технологи нь аль ч улсад манайд байгаа технологиор л хийж байгаа. Манай шүдний лабораторид 3D принтер бий. Урьд нь зургийг л скайнердаж байсан бол одоо хүний шүдний хэвийг сканердаж байна. Тухайн хүний шүдний дизайныг компьютероор гаргаад, шүдийг роботоор хийж байна.

Бид 2014 оноос хойш плазма гэдэг ариутгалын аппарат нэвтрүүлсэн. Монголдоо анхдагч, одоо 10 жил болж байна. Энэ нь нэмэх 56 хэмд вирус, бактерийг бүрэн устгадаг хамгийн сүүлийн ариутгалын аппарат. Түүнээс хоёрыг оруулж ирсэн.

Иймээс манай эмнэлэгт эмчлүүлэхдээ хэн нэгнээс халдвар авах эрсдэлгүй болсон гэсэн үг. Бусад эмчилгээндээ ч бид сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд ашиглаж байна. Үүдэл эсийг ялгаж авах тоног төхөрөмжийг ч мөн бид оруулаад ирсэн.


-Шүдний эмнэлэг бүхэн шилдэг технологиос хоцрохгүйг хичээдэг байх. Харин та бүхэн ямар давуу талаараа түрүүлж алхаад байна вэ?

-Би сайн эмч болохоор зөндөөн хүн ирж үзүүлнэ, эмнэлэг маань сайн хөгжинө гээд эмчилгээндээ л зөвхөн анхаараад байдаг. Гэтэл эмнэлэг бол үйлчилгээний байгууллага. Орж ирэхээс нь эхлээд угтаж авах, үдэж гаргах бүгд үйлчилгээ. Тиймээс бидний хувьд, тухайн хүн манайхаас үйлчилгээ авч байгаа шүү гэдэгт маш их анхаардаг.

Манай эмнэлгийн эмчилгээтэй холбоотой үйл ажиллагааг нэг баг, эмнэлгийн алсын хараа, энэ жил юу хийх вэ, 5 жилийн дараа яах вэ гэдгийг өөр баг хариуцдаг. Энэ хоёр багийн ажлын уялдаа өнөөдөр биднийг амжилтад хүргэж байгаа. Манай эмнэлэгт зургаагаас 12 жил ажилласан эмч нар ажиллаж байгаа нь манай хүний нөөц сайн ажиллаж байгаагийнх юм.


-Хүн болгон ур чадварыг тэгш эзэмшиж чадахгүй. Тэгэхээр шүдний сайн эмч хэрхэн болдог юм, тийм эмчийг хэрхэн бэлтгэдэг юм бэ?

-Эмч нараа эндээ бэлтгэнэ, тодорхой хэмжээгээр гадагшаа явуулна. Мэдээж, гадны сайн мэргэжилтэн авчирч сургалт явуулах нь олон хүнд хүртээмжтэй болно. Дотоодын сургалтыг бид долоо хоног бүр хийж байна. Түүнээс гадна эмч нарыг сургаж буй өөр нэг хэлбэр буй болоод байна шүү дээ.

Сайн эмч болохын тулд маш олон жил хөдөлмөрлөх, бусдаас суралцах ёстой болдог. Зуун эмчээс 5 нь сайн эмч болдог гэж үзвэл 95 нь дундаж чадвартай эмч болох нь байна шүү дээ. Тиймээс хиймэл оюун ухаанд суурилсан шүдний оношилгоо, эмчилгээний төлөвлөгөө гаргадаг системийг бид оруулж ирээд байна. Түүнд датаагаа оруулмагц энэ хүнд ийм ийм асуудал байна, эмчлэхийн тулд тийм тийм төлөвлөгөөгөөр ажиллаарай гээд гаргаад өгдөг. Тэгэхээр эмчийн ур чадвараас үл хамааран эмчилгээний сайн төлөвлөгөө гарах боломжтой. Түүнээсээ эмч нар маань өөрсдөө суралцаад, хөгжөөд явах боломж байна.

-Гадаад мэргэжилтнүүдийг мөн байран суурин ажиллуулдаг юм байна, тийм үү?

-Шүдний лаборатори маань хамгийн сүүлийн үеийн дижитал тоног төхөөрөмжтэй болсноор шинэ технологийг нутагшуулахын тулд гадны техникчдийг ажиллуулах шаардлагатай болсон. Тиймээс 2013 оноос БНСУ-аас шүдний техникчдийг урьж ажиллуулж байна. Жил бүр шинэ зүйл гарч ирээд байгаа учраас мэргэжилтнүүдээ 1-2 жил болоод л солиод явдаг юм.


-Анагаахын аялал жуулчлалыг Монголд хөгжүүлж байгаа хамт олны нэг нь танай хамт олон. Аюулгүй, чанартай, итгэлтэй үйлчилгээнээс гадна өрсөлдөхүйц хямд үнийг санал болгож байгаа учраас гадаадаас зорьж ирээд байна гэсэн үг байх, тийм үү?

-Тийм ээ, сүүлийн жилүүдэд монгол эмчлүүлэгчдээс гадна, гадаадын улс орноос ирж шүдний эмчилгээ хийлгэж байгаа. Монголд шүдээ эмчлүүлэх нь маш хямд байгаа учраас тэр шүү дээ. Гадаадад амьдардаг монголчууд эх орондоо ирж амрангаа шүдээ эмчлүүлээд буцах болсон байна.


Шүдний имплантыг манай эмнэлэгт гадны орнуудынхаас 3-4 дахин, шүдний бүрээсийг 4-5 дахин хямд үнээр хийж байна. Монгол Улсынхаа эмнэлгүүдтэй харьцуулахад ч манай үйлчилгээ үнэтэйд орохгүй. Имплантын технологи өндөр өртөгтэй байдаг учир эмчилгээ нь үнэтэй байдаг.


Гэхдээ өртөг ихтэй энэ эмчилгээг монголчууддаа хүртээхийн тулд, төлбөрөө хүүгүйгээр хувааж төлөх боломжийг бид олгож байгаа.

-Холливуд инээмсэглэл гэх нэр томьёо бий болжээ. Гэхдээ л хиймэл шүдний хувьд, монголчуудын олонх нь тагнайтай хиймэл шүд хийлгэж байна. Тэдэнд юу зөвлөх вэ?

-Гадны биетийг биед суулгахыг имплант гэж байгаа. Эрүүний ясанд титаныг суулгаж бороолуулаад, дээр нь шүд хийж өгч байна гэсэн үг.  Бид 2004-2005 оны үед хамгийн анх Монголд имплант эмчилгээг оруулж нутагшуулсан. Басхүү гэж хүн үүнд хувь нэмрээ оруулсан шүү гэдэг санаагаар эмнэлгээ “Басхүү имплант клиник” гэж нэрлэсэн юм.

Имлантын хувьд давуу тал маш их байгаа. Төрөлх шүд ямар байдаг яг л тийм байна гэсэн үг. Имплант шүдэлбэрийг хатуу материалаар хийж байгаа учир элэгдэхгүй, олон жил зажлах үүргээ маш сайн биелүүлнэ.


Таны хэлж байгаа тагнайтай хиймэл шүд нь хуванцар материал юм. Хүний шүднээс зөөлөн материал тул хэрэглээний явцад элэгдэнэ, хэмжээ нь багасна. Хуванцарт орж байгаа химийн элемент нь хоёр жил болоод задарч эхэлдэг. Тиймээс химийн хорыг залгиад байхгүйн тулд хуванцар раамтай шүдийг хоёр жил болоод заавал солиулж байх хэрэгтэй. 


-Танай эмнэлэг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог юм байна. Ямар хүмүүст туслахыг хүсдэг вэ?

-Мэдээж байгууллага маань өсөж дэвжихийн хэрээр бусдад тусалъя гэсэн бодолтой явдаг. Тэр үүднээсээ хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүмүүст туслахаар тэр чиглэлийн холбоодтой нь хамтарч ажиллаж байна. Олимпын тусгай хороонд хамрагдсан тамирчин хүүхдүүдийн эмчилгээг бид үнэгүй хийж өгдөг. Бусад байдлаар хүмүүст санхүүгийн туслалцаа өгөх, ажилчдаа дэмжих зүйлс байдаг л даа.

 


САЙХАН ШҮД ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ БИЙ БОЛГОДОГ

-Гуч хүрэхгүй жилийн өмнө л монголчуудын шүд, нүд хоёр атаархмаар сайн гэж манай оронд сурч байсан гадаад оюутнууд ярьдаг байв. Бид үүнийг цагаан идээтэйгээ холбон ойлгодог байлаа. Гэтэл одоо хөдөөгийн хүүхэд ч шүдний өвчин хэлдэг болсон нь юунаас шалтгаалаад байна вэ?

-Монголчуудын 95 - 96 хувь нь, хүүхдүүдийн 88 хувь нь шүдний өвчлөлтэй байна гэсэн судалгаа гарч байгаа. Монголчуудын шүд 30 орчим жилийн өмнө яагаад сайн байсан бэ гэхээр бидний хоол ундны хэрэглээ одоогийнхоос шал өөр байсан. Түүнээс биш одоо ч генетикийн хувьд, монгол хүний яс хэвээрээ л байгаа.

Амьдрал ахуй өөрлөгдсөнтэй уялдан хүмүүсийн хооллох хэрэгцээ ойртож, нүүрс усаар баялаг хоол хүнс их хэрэглэх болсон байна. Бид хүүхэд байхдаа өдөрт 3 удаа л хооллож байсан бол, одоо наад зах нь 5-6 удаа хооллох болжээ. Ийм амьдралын хэв маяг нь шүд амархан цоорох нөхцөл болоод байгаа юм. Яагаад гэвэл, шүлс шүдийг эрдэсжүүлж байдаг ганц уусмал. Өдөрт найман удаа юм идэхэд шүлс тэр үүргээ биелүүлэх боломжтой гэж үздэг. Нэг ундаа уусан, нэг чихэр идсэн ч тэдгээр нь нэг удаагийн хооллолт болдог.

Хөдөөгийн хүүхэд хотынхонтой адилхан хэрэглээтэй болсон. Ойр ойрхон эмнэлэгт үзүүлж чадахгүйгээс шүдний нь цоорол хүндэрч, шүдийг нь авахаас өөр аргагүй болж байна. Хөдөө орон нутагт шүдний эмнэлэг цөөн, шүдний эрүүл мэндийн боловсрол мэдээлэл хомс байгаа учраас эцэг эх нь хүүхдийнхээ шүдэнд анхаарал тавьж чадахгүй байгаагаас хөдөөгийн хүүхдийн шүд муудаж байна. 


-Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ. Шүдний өвчин ямар хор урхагтай вэ, энэ талаар шинэ судалгаа гарч байна уу?

-Шүд гоо сайхан, эрүүл мэндийг бий болгодог. Бид шүдийг зөвхөн ходоод гэдэстэй холбож яриад байсан бол шүдгүйдэл нь буруу хазалт, хүний ерөнхий галбир, биеэ авч явах байдал, тулгуур эрхтэнд хүртэл нөлөөлдөг нь сүүлийн үеийн судалгаагаар тогтоогдоод байна. Өөрөөр хэлбэл, шүдгүйдэл нь явсаар байгаад хүзүү, толгой, нурууны булчин чангарахад хүргэнэ. Үүнээс болж хүний хүндийн төвийн тэнхлэг өөрчлөгдөж, нас тогтохоороо өвдөгөндөө хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болж байна. Японд өвдөгний үе солиулж байгаа хүмүүс яг ийм асуудалтай байсныг баталсан байна билээ.

Мөн цоорхой шүдтэй, буйлны үрэвсэлтэй байхаар бактерийн хор байнга залгиж байна гэсэн үг. Энэ халдвар цусаар орохоор хэрх өвчин, зүрхний, бөөрний архаг өвчнийг үүсгэх шалтгаан болно. Тэгэхээр нэг шүд гэлтгүй л эмчлүүлж, эрүүл байлгаж сурах хэрэгтэй юм.

Сумогийн нэг аваргын ээж имлант хийлгэх гээд Япон руу ярьж л дээ. Тэгсэн чинь бид үүнийг хийж чадахгүй юм байна, үүнийг сайн хийх эмч Солонгост бий гээд холбож өгчээ. Тэгсэн чинь нөгөө солонгос эмч нь наана чинь Басхүү гэж эмч байгаа гэж хэлсэн гээд над дээр ирж эмчлүүлж байв. Гэтэл нөгөө эмэгтэй зургаан сарын дараа урьд ирснээсээ маш их өөрчлөгдчихсөн, хөхүүн хөөртэй болоод орж ирж байсан. Тэгэхээр шүд гэдэг бол гоо сайхнаас гадна өөртөө итгэх итгэлийг бий болгодог.


-Дэлхийн улс орнуудад иргэдийнхээ шүдний эрүүл мэндийг хамгаалж буй ямар сайн туршлагууд байна вэ?

-Монголд сувгийн эмчилгээ маш их хийж байна. Гэтэл Японд сувгийн эмчилгээ ховор тохиолдлуудын тоонд орсон байна. Том хотууд ундны усаа фторжуулсан байна. Тэр усаар шүдээ угааж байвал шүдний цоорол 30-40 хувь буурдаг.

Хөгжилтэй улс орнуудад 16 хүртэлх насныхан даатгалаас эмчилгээний зардал авдаг учраас багаасаа шүдний гажиггүй болж өсөж байна. Хэрэв том болсны дараа шүд нь цоорвол төлбөрөө төлөөд эмчлүүлнэ. Тэгэхдээ өндөр өртөгтэй байдаг. Манайд хараахандаа даатгалаар шүдний эмчилгээнд бүрэн хамрагдаж амжаагүй байна. Жилд 2 шүд эрүүлжүүлэх хэмжээний даатгалын систем л ажиллаж байна, яваандаа сайжрах биз ээ.

Хэрэв хүүхдийн шүдний гажгийг засах эмчилгээг даатгалд хамруулбал насанд хүрэхдээ шүд эрүүл байхаас гадна, гоо сайхны хувьд гажиггүй шинэ залуу үе бий болох боломжтой. Ингэснээр эрүүл саруул Монгол хүн бий болно. Монгол Улс цаашид хөгжихөд эрүүл саруул иргэн нэн чухал шүү дээ.  



Гэрэл зургийг Б.Чадраабал 

 

 

Холбоотой мэдээ