"Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум" боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-11 15:32:33

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийн томоохон төсөл болох их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн хүрээнд “Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум”-ыг “Маргаашийн өвийг хамтдаа бүтээцгээе” уриан дор зохион байгууллаа.


Форумын үеэр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Засгийн газраас нийслэлийн Энхтайвны өргөн чөлөөний дагуу хөндлөн чиглэлд метро барих даалгавар өгсний дагуу метро барих ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, төслийн зөвлөх үйлчилгээний тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, метро төслийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 11 улсын 20 компани саналаа ирүүлснээс БНСУ-ын “Духуа инженеринг” компани шалгарч, хамтран ажиллаж байна” хэмээв.


Мөн үеэр “Духуа инженеринг” компанийн Тээврийн салбарын Ерөнхий захирал Чон Су Дун “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй нэмэгдэхийн хэрээр төвлөрлийг дагасан дэд бүтцийн асуудал бий болсон. Манай компани Улаанбаатар хотын метроны төслийн нэгдүгээр шугамын төслийг хэрэгжүүлэхэд, мэдлэг, туршлагаа нэгтгэн хүчин чармайлт гаргаж ажиллана” гэлээ.


Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл барих төслөөс гадна 4 байршилд төмөр зам доогуурх нүхэн гарц барих, транзит тээврийн хөгжилд суурилсан олон төрөлт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэглээг нэмэх төслүүд хэрэгжүүлж байна. Форумын үр дүнд Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага, тэргүүлэх чиглэл, төлөвлөж буй төслүүд, инноваци, технологийн шийдлүүдийг хэлэлцжээ. 

Холбоотой мэдээ