СЭЛЭНГЭ: Цэцэрлэгийн багш нарыг чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-12 14:55:07

Сүхбаатар, 2024 оны есдүгээр 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг сургалтын таатай орчныг бүрдүүлж, сургалтын байгууллагуудыг тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнүүдээр хангах нэгдсэн бодлого, зохицуулалтыг хийж байна.

 

Дээрх ажлынхаа хүрээнд аймгийн 17 сумын цэцэрлэгийн багш нарт эстэм хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхан шатны сургалтыг зохион байгууллаа.

 

Тус аймгийн тухайд 2024-2025 оны хичээлийн жилийн эхэнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох 17 сумын хүүхдийн цэцэрлэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 300 сая төгрөгийн өртөг бүхий эстэм хөтөлбөрийн хэрэглэгдэхүүний багцыг олгосон юм.

 

Иймээс дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх сумдын цэцэрлэгийн багш нарыг чадавхжуулах сургалтыг аймгийн БШУГ-аас зохион байгууллаа.

 

Эстэм гэдэг нь шимт+ буюу шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи+сэтгэлгээ ба гоо зүй гэсэн үгийн товчлол юм.

 

Энэхүү хөтөлбөр нь асуудлыг математик хандлагад суурилан судалж, дизайн сэтгэлгээний дээд түвшинд шийдэл гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог бүтээлч боловсролын хандлага юм.

 

Энэхүү сургалтад хамрагдсан хүүхдүүдийн шинжлэх ухааны хичээлийн амжилт эрс нэмэгдэж, багаар ажиллах болон бүтээлч чадвар, логик, техник сэтгэлгээ нэмэгдэн, багшийн ажлын үр дүн сайжирч, хамтран ажиллах байдал, сурагчдаа ойлгож таних чадвар, заах арга зүй дээшилдэг давуу талтай гэдэг нь судалгаагаар батлагджээ.

 

Иймээс энэхүү ач холбогдол өндөр сургалтын арга барилаар хүүхдүүдэд багаас  нь чадвар олгох ажлыг эхлүүлээд байна.

 

Холбоотой мэдээ