Харристай дахин мэтгэлцэхгүй гэдгээ Трамп мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 13 /CNN/. Дэд Ерөнхийлөгч Камала Харристай дахин мэтгэлцээнд оролцохгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ.
“Гурав
дахь мэтгэлцээн болохгүй!” гэж Д.Трамп “Truth Social” олон нийтийн сүлжээндээ бичсэн байна. Ингэхдээ
зургаадугаар сард Ерөнхийлөгч Жо Байдентай хийсэн анхны мэтгэлцээн, мягмар гарагт К.Харристай хийсэн хоёр дахь мэтгэлцээнийхээ талаар дурджээ.
Филадельфи хотноо
болсон ABC телевизийн мэтгэлцээнд хоёр нэр дэвшигч халз мэтгэлцсэний дараа К.Харрисын сонгуулийн штабын зүгээс дахин мэтгэлцээн
хийхийг уриалсан юм. Пүрэв
гарагт Шарлотт хотод болсон сонгуулийн
кампанит ажлын үеэр К.Харрис
уриалгаа дахин гаргажээ.
Харин Д.Трамп дахин мэтгэлцээн болох эсэх тухай таамаглалд өчигдөр цэг тавьж,
К.Харрис “сүүлчийн дөрвөн жилийн бүрэн
эрхийн хугацаандаа хийх ёстой
зүйлдээ анхаарал хандуулах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.
Үүний дараа К.Харрисын
штабынхан мэдэгдэхдээ, дахин
мэтгэлцэхгүй гэсэн
Д.Трампын мэдэгдлийг хүлээж
авахгүй гэв. “Тэрбээр өдөр бүр байр сууриа өөрчилдөг, тиймээс дахин мэтгэлцээн болно
гэж би таамаглаж байна” хэмээн К.Харрисын
ахлах зөвлөх хэлжээ.
Филадельфид болсон мэтгэлцээний дараа Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө өөрийгөө хамгаалж,
ABC-ийн хөтлөгчдийг “маш
шударга бус” байсан гэж мэдэгдсэн байна. Маргааш нь Д.Трамп мэтгэлцээнд “ялсан” хэмээн үргэлжлүүлэн мэдэгдэж, дахин мэтгэлцэх эсэхээ тодорхой хэлж чадахгүй байна гэжээ.
“Бокс эсвэл холимог тулаанд нокаутаар унасан дараа тулаанч босож ирээд “Би дахин тулалдахыг шаардаж байна!” гэж хашгирдаг. Тэгэхээр
мэтгэлцээн ч мөн ялгаагүй.
Өчигдөр орой тэрбээр айхтар ялагдсан. Санал асуулга бүр бид ялсныг харуулж байна”
гэж Д.Трамп лхагва гарагт “Truth Social” хуудсандаа бичжээ.
Харин CNN телевизийн мэдээлснээр, пүрэв гаргийн өглөөний байдлаар мэтгэлцээний талаарх томоохон санал асуулга бүрд К.Харрис ялсан нь тогтоогдсон байна. Үүнд “CNN/SSRS” санал асуулгын дүн багтсан бөгөөд сонгогчид К.Харрис Д.Трампаас илүү байсан гэдэгтэй санал нийлжээ.
Д.Трамп, К.Харрис нарын хамтран нэр дэвшигчид болох Охайо муж улсын сенатч Ж.Д.Вэнс, Миннесота муж улсын захирагч Тим Уолз нар ирэх 10 дугаар сарын 1-нд CBS телевизээр
халз мэтгэлцэх юм.