ДАРХАН-УУЛ: Таримал ургамлын торгон үр үржүүлэх тусгай эрхийг баталгаажууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-17 13:07:20

Дархан, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэн /УГТХ/-гийн таримал ургамлын үр үржүүлэх тусгай эрхийг баталгаажуулж гэрчилгээ олголоо.


Тодруулбал, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Таримал ургамлын цөм болон торгон үр үржүүлэхэд тавигдах шаардлагуудыг бүрэн хангаж, таримал ургамлын “Цөм болон торгон үр үржүүлэгч”-ээр сонгогдсон ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хамт олонд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хүрэлцэн ирж гардуулав. 




Таримал ургамлын үр сортын тухай хуулийн нөхцөл, шаардлагыг хангасан тул үр тарианы таримлын шинэ сорт бүтээх, улаанбуудайн нутагшсан, ирээдүйтэй сортын цөм үр болон торгон үр үржүүлэх үрийн аж ахуйгаар ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнг сонгож батламжилсанд баяртай гэж ХХААХҮ-ийн сайд онцоллоо.


Монгол Улсын засгийн газраас баримталж буй бодлого, хүнсний хангамжийг сайжруулах, эрүүл хүнсээр иргэдийг хангах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрийн хүрээнд Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагааг салбар яамнаас дэмжин ажиллаж байна.




Энэ хүрээнд манай УГТХ-д таримал ургамлын үр үржүүлэх тусгай эрхийг баталгаажуулан гэрчилгээ олгож үр үржүүлгийг шинэ шатанд гаргахаар хүрээлэнгийн материаллаг баазад техник технологийг сайжруулж, үр үйлдвэрлэлт хадгалалт, борлуулалт, хуваарилалтын системийг боловсронгуй болгох зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулж, үйл ажиллагааг дэмжин ажиллаж буйд баяртай гэж УГТХ-ийн захирал Н.Баярсүх онцолж байна.


Ташрамд, УГТХ нь жилд 3-4 сортын 400-450 тонн үр үйлдвэрлэдэг. 70 жилийн хугацаанд 100 гаруй сорт гаргаснаас 20 гаруйг нь газар тариалангийн салбарт амжилттай нэвтрүүлжээ. 

Холбоотой мэдээ