Э.Мөнх-Учрал: Орчуулгын салбарт хиймэл оюуны давуу талыг зохистой ашиглах нь үр дүнтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын Орчуулагчдын анхдугаар нэгдсэн чуулган энэ сарын 30-нд Төрийн ордонд болно. Уг чуулганыг угтаж МУИС-ийн Монгол хэл, шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Э.Мөнх-Учралтай цахим орчуулгын сул болон давуу тал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.
-Сүүлийн үед цахим орчуулга хэрэглээнд түлхүү нэвтэрч
байна. Энэ үзэгдлийг хүмүүс дэмжихгүй талдаа буюу буруутгах хандлагатай байгаатай
олонтаа таарч байлаа. Та салбарын хүний хувьд цахим орчуулгын сул талыг хэрхэн дүгнэдэг вэ?
-Орчин үед орчуулга судлалд орчуулгыг гурав хувааж авч үздэг. Эдгээр нь нэгдүгээрт хүний хийсэн орчуулга, хоёрдугаарт компьютерын
туслалцаатай орчуулга, гуравдугаарт бүрэн автомат буюу хиймэл оюун ухааны орчуулга
юм.
Мэргэжлийн хүрээний сүүлийн үеийн чиг хандлагыг харахад, гурван төрлийн орчуулгаас компьютерын туслалцаатай орчуулга түгээмэлжиж байна. Өөрөөр хэлбэл, машин алдаагүй зөв хийж чадах хэсгийг цаг хэмнэх үүднээс компьютер ашиглан орчуулж байгаа бол хүний оюун ухаан зайлшгүй шаардагдах хэсгийг орчуулагчид мэргэжлийн ур чадвартаа түшиглэн хийж байна.
Бүрэн автомат орчуулгыг хамгийн сайн хийж байгаа
програм гэвэл Алибаба, Амазон, Гүүгл, Апптек, Байдү, Майкрософтыг дурдаж
болно. Эдгээр нь олон хэлийг хамардагаараа давуу талтай. Бүрэн автомат
орчуулгын сул талын хувьд, одоогоор тухайн улс үндэстний онцлог, найруулгын
нарийн хэв маягууд, мөн тухайн салбарын шинжлэх ухаанд хамаарах мэдлэг зэргийг
нарийвчлан орчуулах, хам сэдэвт үгийн ямар утга хэлбэр хаана хэрхэн тохирч байгааг оноож сонгох тал дээр алдаа мадагтай гүйцэтгэж байна.
-Орчуулга бол мэргэжлийн хүмүүсийн шандасыг сорьсон ажил
байлаа шүү дээ. Цахим орчуулга бий болсноор орчуулагчдад ямар давуу тал үүсэв?
-Хүний хэлийг компьютероор боловсруулах ухаан 1940-өөд оноос эхэлсэн. Өнөөг хүртэл хугацаанд үргэлжилж буй бүхий л үйл явцыг харахад, цахим орчуулгын програм нь тийм ч амар бус зүйл гэдгийг харж болохоор байна. Хэдий тийм боловч цахим орчуулгын програм хангамж нь бодитой зүйл болон хөгжиж, хэдийнэ ердийн хэрэглээнд нэвтэрлээ.
Орчуулгын програм хангамжийг ашигласнаар
орчуулагч нарийн мэдрэмж, мэргэжлийн дээд түвшний ур чадвар шаардахаас бусад,
энгийн хэсгүүдийг хурдан хугацаанд автоматаар гүйцэтгэх боломжтой болсон нь давуу
тал юм. Нөгөө талаас, бага зэргийн алдаа мадагтай хувилбарыг хурдан хугацаанд
гаргаж аваад, түүнийгээ засварлах нь зарим тохиолдолд цаг хугацаа хэмнэж байна.
-Тэгвэл хүн машин хоёрын өрсөлдөөн хэрхэх бол?
-Өрсөлдөөн аль хэдийнэ эхэлсэн, одоо ч үргэлжилж байна. Хамгийн том өрсөлдөөн буюу магадгүй хүн машинтай өрсөлдөөд давж чадахгүй нэг зүйл бол орчуулга хийх хэлний тоо байх. Хүний хувьд орчуулга хийх боломжтой дундаж үзүүлэлтийг 5 хэл гэж үздэг бол машины хувьд хүрч чадах дээд хязгаар нь мэдээж хүний хэлэлцдэг бүх хэл юм. Одоогоор гүүглийн програм гэхэд 243 хэлээр буюу хамгийн олон хэлээр орчуулга хийж байна.
Дараагийн нэг асуудал нь сайжрах хурд. Хүн магадгүй олон жилийн хугацаанд хэл тус бүрээр нэг бүрчлэн нухсаар яваандаа сайжирдаг. Харин хиймэл оюун хүнээс илүү хурдтай сайжирч байна. Энэ хурдыг магадгүй хүн гүйцэж чадахгүй байх. Жишээ дурдахад, 8 жилийн хугацаанд Гүүглийн орчуулга 34 хувиар сайжирсан байна. Ялангуяа англи хэлнээс герман, португал, испани, дани, грек, польш, унгар, фин, хятад хэл рүү орчуулах нь хамгийн сайн үр дүнтэй байна. Тэгэхээр энэ үзүүлэлт улам бүр сайжирна гэсэн үг.
-Орчуулагчид маань өнөөгийн үүсээд буй энэхүү нөхцөл байдалд хэр бэлэн
байна вэ?
-Ямарваа нэг зүйлийг хийхийн өмнө “Бид бэлэн үү” гэсэн асуултыг хамгийн түрүүнд өөрсдөдөө тавих нь түгээмэл. Жишээлбэл, монгол бичигт шилжихэд бэлэн үү гэдэг шиг. Гэтэл бодит амьдрал дээр хөгжлийн хурд, улс үндэстний язгуур эрх ашиг, нийгмийн хэрэгцээ шаардлага тухайн хүн хэзээ бэлэн болохыг хүлээдэггүй. Тэгэхээр хувь хүний зүгээс дасан зохицох, зэрэгцэн хурдтай чадваржихад анхаарах хэрэгтэй.
Орчин үед
компьютерын оролцоогүй зүйл гэж бараг үгүй болж байна. Тийм болохоор компьютерыг хэрхэн үр
дүнтэй ашиглахад түлхүү анхаарах нь чухал. Орчуулагчдын тухайд компьютерын хурдтай талыг ашиглаж хөдөлмөрөө хөнгөвчилж, ур чадвараа хөгжүүлбэл өөрсдөд нь давуу
тал бүрэлдэж, зах зээлд өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ.
-Та яриандаа өндөр чадвартай орчуулагчид л энэ
салбарт тэсэж үлдэх тухай дурдах шиг боллоо. Магад хиймэл оюун ухаанд бид гүйцэгдэх
болов уу. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуай “Алтан загасны
үлгэр”-ийг ямар гайхалтай орчуулсаныг монголчууд бүгд мэднэ. Машин одоогоор тийм
орчуулгыг хараахан хийж чадаагүй байна. Гэхдээ нөгөө талаас, хиймэл оюун ухааны
хөгжлийн хурдыг төсөөлөхийн аргагүй. 2000 он гарч байхад техник
технологийн хөгжил ямар байлаа, өнөөдөр 20 гаруйхан жилийн дараа ямар түвшинд
хүрээд байгаа билээ? Тиймээс цахим орчуулгын хурд, чанар улам сайжрах нь
гарцаагүй. Харин чанарын хувьд хиймэл оюун ухаан хүнийг хэзээ гүйцэж ирэхийг одоо тааж хэлэхэд хэцүү. Ямартай ч ойрын ирээдүйд мэргэжлийн түвшний чанартай
орчуулагчдын эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэх нь тодорхой. Сайн
орчуулагчдын ур чадвар нь нэг талаас нийтийн хэрэгцээг хангахаас гадна нөгөө талаас цахим орчуулгын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна.
-Төрийн айлчлалын үеэр айлын талын дарга “Шинэ тахианы шөл уусан юм шиг сайхан боллоо” гэснийг монгол орчуулагч “Шинэ хонины шөл уусан юм шиг сайхан боллоо” хэмээн орчуулсан гэсэн яриа байдаг. Монголчлох буюу монгол сэтгэлгээнд тааруулдаг ийм "ганган" орчуулгыг хиймэл оюун ухаанаар шийдэх бололцоотой юу?
-Энэ нь цахим орчуулгын өгөгдлийн боловсруулалтаас шууд
хамаарна. Цахим орчуулгыг сайн болгоё гэвэл өгөгдөл дээр түлхүү ажиллах
шаардлагатай. Ийм орчуулгыг ингэж хийнэ гэдгээ машинд "сургачихвал" таны ярьсантай адил түвшинд орчуулах бүрэн боломжтой. Харин ямар
хэл дээр хэзээ вэ гэдэг нь харилцан адилгүй байж болох юм.
-Цахим орчуулгын цаашдын чиг хандлагын талаар та ямар
бодолтой байна вэ?
-Хүн төрөлхтөний бүх цаг үед бүтээсэн машин техник, технологи, хөгжил нь хэрэглэгчийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэхэд чиглэж ирсэн. Дэлхийн түвшинд өнөөгийн байдлаар хүний хэл, бичгийг компьютероор боловсруулдаг цахим хэл шинжлэл буюу хэл боловсруулалтын ухаан бидний энд ярилцсан цахим орчуулгаас гадна 60 гаруй салбартайгаар эрчтэй хөгжиж байна. Цаашид улам бүр өргөжинө.
Үүнтэй холбогдуулж хэлэхэд, компьютерын тусламжаар бий болж буй энэхүү өргөн
хүрээтэй боломжийг эх хэл, бичгийнхээ дархлааг хадгалан хамгаалахад ашиглах явдал юм. Эх хэл, бичгийнхээ цахим боловсруулалтыг төрөл
бүрийн түвшинд хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхүйц хэмжээний янз бүрийн програм хангамжуудыг бүтээж, одоо байгаагаа улам бүр хөгжүүлэх хэрэгтэй. Бид боломжуудыг аль болох гярхай олж харж, давуу талуудыг нь ажил амьдралдаа ашиглах нь ирээдүй хойчдоо хэл, бичгээ буй чигээр нь өвлүүлэн
үлдээх хамгийн сайн гарц байх болно.