Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 18 /Hollywood Reporter/. Канадын алдарт найруулагч Жеймс Кэмерон “Аватар”-ын дараах шинэ уран бүтээлээ туурвихаар төлөвлөж байна. Тодруулбал, кино найруулагч удахгүй хэвлэгдэн гарах “Хирошимагийн сүнснүүд” номоор кино бүтээх эрхийг худалдаж авсан бөгөөд атомын бөмбөг хаясан тухай түүхээс сэдэвлэсэн уран сайхны киног найруулах бодолтой байгаа ажээ.
Америкийн зохиолч
Чарльз Пеллегриногийн “Хирошимагийн
сүнснүүд” номыг
“Blackstone Publishing” компанид хэвлэж 2025 оны наймдугаар сард худалдаанд гаргана. Энэ ном бол 2015 онд
уншигчдын хүртээл болсон “Хирошимагаас
ирсэн сүүлчийн галт тэрэг”
номын дараагийн бүтээл бөгөөд
уг номыг мөн кино бүтээлд ашиглах
гэнэ.
Ж.Кэмероны
шинэ кинонд Дэлхийн II дайны үед
Японд хаясан атомын бөмбөгөөс хоёулангаас нь амьд үлдсэн цорын ганц хүн болох 29 настай инженер Цүтомү Ямагүчигийн бодит түүхийг өгүүлэх ажээ. Тэрбээр 1945 оны наймдугаар сарын 6-нд Америкийн цэргийнхэн Хирошимад бөмбөг хаях үед тэнд ажлаар явж
байсан бөгөөд маргааш нь галт тэргээр Нагасаки руу буцаж ирээд наймдугаар сарын 9-ний өдрийн атомын бөмбөгөөс амьд үлджээ. Атомын бөмбөг хаясны улмаас 110-210
мянган хүн амиа алдсан гэх тооцоо бий.
Ж.Кэмерон бол “Терминатор”, “Харь гаргийнхан” киногоороо алдаршсан дэлхийн хамгийн нэртэй найруулагч бөгөөд “Аватар”, “Аватар-2”, “Титаник” зэрэг бүх цаг үеийн шилдэг дөрвөн киноны гурвыг нь найруулснаараа алдартай билээ. Шинэ бүтээлийн хувьд 1997 оны “Титаник” киноноос хойш найруулсан анхны “Аватар”-аас өөр кино болох юм. Өдгөө Ж.Кэмерон 2025 оны 12 дугаар сард нээлтээ хийх “Аватар: Гал ба Үнс” кинон дээр ажиллаж байгаа бөгөөд түүнээс цааш “Аватар”-ын дахин хоёр анги кино гарах төлөвтэй байгаа боловч тэдгээрийг найруулах саналаас татгалзаж магадгүй хэмээн ярьсан удаатай.