ДОРНОГОВЬ: Багш, сурагчид хамтарсан уран бичлэгийн үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-09-18 16:41:14

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн 12а ангийг өнгөрсөн жил төгссөн Ч.Урангоо, Ч.Мичидмаа нарын “Дээдлэхүйн эрдэм” уран бичлэгийн үзэсгэлэн аймгийн Музей, сургалт, судалгааны төвд өнөөдөр олны хүртээл боллоо.


Тус үзэсгэлэнг удахгүй болох үндэсний хэмжээнд зохион байгуулдаг 36 дахь “Номын баяр”-ыг угтаж V сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Цэвэгсүрэн, Э.Хандсүрэн нар удирдаж дэглэсэн байна. Сурагчид энэхүү үзэсгэлэндээ Дорноговь аймгийн болон бусад зохиолчийн яруу найраг, зохиол уран бүтээлийг монгол бичгийн яруу тансаг уран бичлэгээр буулгасан аж.


Тухайлбал, ардын уран зохиолч, МУСГЗ, яруу найрагч П.Бадарчийн “Эхийн сэтгэл, МУСГЗ, яруу найрагч Ч.Эрдэнэбатын “Дорноговийн хүүхнүүд”, “Солонго эртний нутаг” зэрэг олон зохиол бүтээлийг уран бичвэрээр буулгажээ.



Үзэсгэлэнгийн тухай Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Хандсүрэнгээс тодруулахад, “Хоёр шавь минь энэ үзэсгэлэнг өнгөрсөн зуны аймгийн наадмаар олны хүртээл болгож байсан бол энэ удаа багш нартайгаа хамтарсан байдлаар гаргаж байна” гэсэн юм.


Ташрамд, Сайншанд сумын ерөнхий боловролын V сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар монгол бичгийн дугуйланг хичээллүүлж эдүгээ 300 гаруй сурагчийг сургажээ.

Холбоотой мэдээ