“Sharp” анхны цахилгаан автомашины загвараа танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-09-18 17:29:29

ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 18 /NHK/. Цахилгаан бараа үйлдвэрлэгч Японы Sharp” компани анхны цахилгаан автомашиныхаа концепц загварыг танилцууллаа. Цахилгаан машины салбарт хөл тавих нь тус компанийн бизнесийн шинэ салбаруудыг хөгжүүлэх зорилтын нэг хэсэг юм.


Бүхээгтэй тэрэгтэй төстэй шинэ загварын автомашин нь Sharp-ын технологиудтай хоршин ажиллах боломжтой бөгөөд машины арын хэсгийг зочны өрөөг санагдуулахуйц илүү өргөн зайтайгаар бүтээжээ. Мөн зорчигчдод кино үзэх боломжийг олгох том хэмжээний LCD дэлгэцийг байрлуулсан байна. 


Sharp нь цахилгаан автомашины салбарын стратегиа боловсруулахдаа эцэг компани болох Тайванийн Hon Hai Precision Industry компанитай хамтран ажиллаж байгаа юм. Sharp ойрын жилүүдэд цахилгаан автомашины зах зээлд нэвтрэхээр төлөвлөж байна.


Тус компани автомашины гэрэлтүүлэг, агааржуулалт зэргийг бүтээхдээ хиймэл оюун ухааныг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг зохион бүтээхэд олж авсан туршлагатайгаа хослуулна гэдгээ мэдэгджээ.


Уламжлалт зах зээлүүд дэх борлуулалт буурах болсон тул Sharp” бизнесийн шинэ салбаруудад хөл тавихыг эрмэлзэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд LCD дэлгэцийн бизнес нь уналтанд орсны улмаас тус компани алдагдал хүлээжээ.



Холбоотой мэдээ