БАЯНХОНГОР: Шалгуулагчдын 30 хувь нь тэнцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-19 13:00:41

Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Төрийн албаны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс гуравдугаар улирлын Ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу энэ сарын 18-ны өдөр таван ээлжээр зохион байгуулав.


Шалгалт өгөхөөр аймгийн хэмжээнд 113 иргэн бүртгүүлснээс 89 иргэн шалгалтад орж, 34 иргэн буюу 38.2 хувь нь тэнцсэн байна.


Энэ удаагийн шалгалтыг Төрийн албаны Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба, Тагнуулын газар, Цагдаагийн газар, Баянхонгор-Эрчим хүч ЦТ ХХК болон Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж, камерын хяналтаар шалгалтын үйл явцыг хянаж, холбогдох журам зааврыг мөрдүүлж зөрчилгүй ажиллажээ.


Шалгуулагчид ерөнхий мэдлэг, монгол хэл бичиг, дүн шинжилгээний 100 асуултад хариулж 100 оноо авахаас босго оноо 60 юм. 


Тус шалгалтад 90 хувиас дээш гүйцэтгэлтэй 2 иргэн, 80 хувиас дээш гүйцэтгэлтэй 12 иргэн, 70 хувиас дээш гүйцэтгэлтэй 15 иргэн, 60 хувиас дээш гүйцэтгэлтэй 5 иргэн өгсөн ба шалгалтын хамгийн өндөр оноог Х.Ариунчимэг 99 хувийн гүйцэтгэлтэй хийснээр төрийн жинхэнэ албаны нөөцөд амжилттай бүртгэгдсэн байна.


Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа /улиралд нэг/ авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтой болж байгаа юм. 


Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн албанд 181 байгууллагад 5000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Холбоотой мэдээ