Төрийн өмчийн ашиглагдаагүй барилгуудыг ЖДҮ-ийг дэмжих зорилгоор эзэмшүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-10-15 16:04:08

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, дотоодын үйлдвэрүүдийн борлуулалтын сүлжээг өргөтгөх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Санамж бичиг”-ийг байгууллаа.

Талуудыг төлөөлж Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нар өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Тус санамж бичигт Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон улсын стандартын шаардлага хангасан дотоодын бүтээгдэхүүний худалдан авалт хийх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн худалдан авалтын тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс авах ажиллагааг зохион байгуулах, Төрийн болон орон нутгийн захиргааны мэдэлд байгаа ашиглагдаагүй барилгыг жижиг, дунд үйлдвэр, хоршоодын үйл ажиллагааг дэмжих, ажлын байраар хангах зорилгоор эзэмшүүлэх, ашиглуулах зэрэг олон чухал асуудлууд багтжээ. Мөн дотоодын худалдан авалтын чиглэлээр харилцан мэдээлэл солилцож, худалдан авалтын тайланг хагас жил тутам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлэх, Төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон үйлдвэрлэл эрхлэгчид мэдээллээ солилцох боломжийг бүрдүүлэх талаар тусгажээ.

Санамж бичгийн хүрээнд Талууд хамтын ажиллагааны чиглэлүүдээр 2016-2020 онд хамтран ажиллах юм байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ