БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ дөрвөн жилд 260 тогтоол баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-24 16:05:36

Өлгий, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2020-2024 оны хооронд хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулав.


2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулсан аймгийн найм дахь удаагийн ИТХ нь 39 төлөөлөгчтэй. Нийт төлөөлөгчийн 25 нь буюу 64.1 хувь МАН-аас, 14 төлөөлөгч (35.8 хувь) АН-аас, 1 төлөөлөгч (2.5 хувь) МАХН-аас тус тус сонгогдсон. Мөн 5 эмэгтэй төлөөлөгчөөр сонгогдон ажиллав.


Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулсан. Түүнээс хойш 23 ээлжит хуралдаан зохион байгуулж, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх олон чухал асуудлыг хэлэлцэн 600 гаруй заалттай 260 тогтоол баталж мөрдлөг болгон ажиллажээ.


Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 120 удаа хуралдаж, 175 тогтоол баталсан байна. Аймгийн ИТХ-ын дарга 64 захирамж гаргаж, хурлын тогтоол, захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажилласан байна.


2020-2024 онд үйл ажиллагаа явуулсан аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд тус аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 699.6 тэрбум төгрөгт хүрч, 2020 оныхтой харьцуулахад 229.9 тэрбум төгрөгөөр буюу 48.9 хувиар өссөн байна.

Холбоотой мэдээ