СЭЛЭНГЭ: 4 пулемёт зоосон дөрвөлжин сүмийн туурь

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-09-25 10:48:46

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас баруун зүгт 3 км зайд, Эрээн нарсны хамар хэмээх газрын зүүн хажууд Дөрвөлжин сүмийн туурь бий.

 

Уг сүмийг тухайн үед  Ширээ бурхны сүм гэж нэрлэдэг байсан бөгөөд Хятад шүтлэгтний сүм байжээ. Харин өнөө цагт тус сүмийн туурин дээр хувьсгалын ялалтад зориулсан дурсгалын хана, пулемёт их бууны хөшөөг босгожээ.  

 

Энэ хөшөөний түүх нь мөн л 1921 оны хувьсгалын ялалттай холбоотой юм. Тухайн үед ардын журамт цэргүүд Дөрвөлжин сүмийн хойноос урагших газрыг эзэлж авах үүрэгтэйгээр дайтсан байна.  

 

Улмаар жанжин Д.Сүхбаатарын байлдааны төлөвлөгөө ёсоор цэргүүд 1921 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих үүрээр Дөрвөлжин сүмийн үүднээс 4 пулемётоор гал нээж, гамин цэргүүдийг хөөн Хиагт хотыг эзлэн авчээ.

 

Дөрвөлжин сүм нь ардын хувьсгалын зэвсэгт бослогын анхны буу дуугарсан түүхт газар юм. Түүнийг гэрчлэх “Шивээ хиагт” дууны шүлэгт

 

“Дөрвөлжин сүмийн үүдэнд

Дөрвөн пулемёт зоосон юм

Түрэмгий муусайн гаминг

Дөтийн замаар тонилгов” хэмээн өгүүлсэн байна.

 

Өнөөдөр түүх өгүүлсэн тус сүмийн туурин дээр босгосон дурсгалын хананд тухайн үеийн цэргийн байлдааны хэрэгжсэн маршрутыг мөн зураглан үлдээсэн байна.  

 

Холбоотой мэдээ