У.Хүрэлсүх: Монголчуудын XIII зуунаас хэрэглэж байсан “Гэрэгэ” нь өнөө цагийн дипломат паспортын эхлэл байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2024-09-26 11:17:07

Нью-Йорк, 2024 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөөх үзэл санаа, хүсэл эрмэлзлийн дуу хоолойг түгээх хамгийн чухал, эрхэм хүндтэй энэхүү индэр дээрээс хэлсэн үгээ НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байдаг монгол уран бүтээлчийн “Ухамсар” баримлын тухай үгээр эхлүүлсэн юм. 


Тэрбээр, “Миний бие Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох бүрдээ НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байдаг Монголын нэрт уран бүтээлчийн бүтээсэн “Ухамсар” хэмээх баримлыг зорин очих дуртай. Энэхүү баримал дээр очих бүрд бид бүхэн хүн төрөлхтний түүх, ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлагатай, ухамсартай, нэр төртэй байх ёстой гэдгийг эргэцүүлэн бодох гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлдэг. Гүн утга төгөлдөр энэхүү баримлыг дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийг баталсан, Парисын уур амьсгалын хэлэлцээр хэмээх зорилтыг дэвшүүлсэн түүхэн цаг үеийн бэлгэдэл болгон бүтээсэн юм.

Энэ удаа очиход энэхүү гайхамшигт бүтээл Та бидний ирээдүй хойч үеийнхээ төлөө дэвшүүлсэн зорилт, амлалтын хариуг нэхэх мэт дүнсийн зогсож харагдлаа" хэмээн өгүүлээд, Монгол Улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг. Түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэгийг онцлон тэмдэглэлээ.


Монголын Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх уг бүтээлийг 2017 оны 10 дугаар сарын 13-нд НҮБ-ын гадна талбайд байршуулсан юм.


Тус бүтээлийн ар тал дахь зүлгэн дээр тусгайлан байршуулсан хавтан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар 2017 онд Монгол Улсаас бэлэглэсэн хэмээн бичиж мөнхөлсөн байдаг. Уг хөшөө нь НҮБ-ын үзэл санааг илэрхийлэхүйц бүтээл хэмээн үнэлэгддэг юм. 


Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын хүндэт ногоон индэр дээрээс хэлсэн үгэндээ мөн өнөөгийн дэлхий ертөнцөд дипломат харилцааны түүхэнд монголчуудын оруулсан чухал хувь нэмрийг  онцлон тэмдэглэлээ. 


Гэрэгэ бол монголчуудаас дэлхийн хамтын нийгэмлэгт өгсөн үнэт өв юм. Монголчуудын өвөг дээдсийн мэргэн ухаанаас өнөөгийн бидэнд суралцах зүйл их байна” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны 2000 онд хэлсэн үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч иш татаад, "Энэхүү түүхэн “Гэрэгэ” өнөөдөр ч НҮБ-ын төв байранд түүхэн үнэт дурсгал болон хадгалагдаж байна. 


Олон зууны тэртээгээс Их Монгол Улс хөрш зэргэлдээ, хол ойр, холбоотон, сөргөлдөгч аль ч улстай харилцахдаа элч төлөөлөгч илгээх, хүлээн авах, гэрээ хэлэлцээр байгуулах, найрамдах, зөвшилцөх зэрэг улс төр, дипломатын аргуудыг хэрэглэж, асуудлыг эвээр зохицуулахыг эрмэлздэг байсан нь эдүгээ ч Монголын төрийн гадаад бодлогын гол зарчим хэвээр байна. Үүний түүхэн нотолгоо бол элч төлөөлөгчийн итгэмжлэл, өнөө цагийн дипломат паспортын эхлэл болсон “Гэрэгэ” байсан. Монголчууд бидний өвөг дээдэс тэртээх XIII зуунаас улс хоорондын харилцаанд анх удаа үүнийг хэрэглэж ирсэн түүхтэй.


Манай өвөг дээдсийн эв эеийг сахин, эв найртайгаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг энэхүү үзэл санаа нь өнөөгийн энх тайван, тогтвортой байдлыг  сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг илтгэж байгаа" хэмээн онцлон тэмдэглэлээ.  


 “Алтан гэрэгэ” бүтсэн түүхээс:

“Төрийн дархан” хэмээн алдаршсан Д.Энхдаваа “Чингис хааны алтан гэрэгэ”-г ган болд төмрөөр үлгэр хэв сийлэн, цалин цагаан мөнгө, зэсээр урлан, алтаар шарж дархны Хөх урландаа бүтээжээ. Тэр цагаас хойш тус гэрэгэг НҮБ-ын төв байранд, Монголын ГХЯ-нд, Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин, дипломат төлөөлөгчдийн газруудад хүндэтгэн залсан байдаг аж.



Холбоотой мэдээ