ДАРХАН-УУЛ: "Сонгогчийн нээлттэй өдөрлөг" зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.
Аймаг, нийслэл, сум,
дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль ирэх сард болно. Орон нутгийн
сонгуулийн онцлог, ач холбогдол, санал авах, тоолох, сонгууль зохион байгуулах
үйл ажиллагааны талаар сонгогчдод үнэн зөв мэдээ, мэдээллийг хүртээмжтэй
хэлбэрээр хүргэх зорилгоор "Сонгогчийн өдөрлөг"-ийг өнгөрсөн Дархан
захын нэг цэгийн үйлчилгээний төвд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр санал авах жишиг
байрыг стандартын дагуу бэлтгэж, саналын хуудсыг хэрхэн бөглөх, сургалтын санал
тоолох төхөөрөмжид хэрхэн уншуулах, сонгуулийн санал хураах явц хэрхэн
үргэлжилдэг зэргийг Дархан сумын Сонгуулийн хорооноос жишиг байдлаар харуулж иргэдийг
мэдээллээр ханган ажиллалаа.
Энэ удаагийн сонгуулиар аймаг, сумын
ИТХ-д нэр дэвшигчдийг сонгохдоо нэг саналын хуудас ашиглана.
Дархан сумын тухайд 18 тойрогт 29
төлөөлөгч сонгоно. Сонгогчид тойрогт нэр дэвшигчдээс тухайн тойргийн мандатын
тооноос илүү, дутуу гаргалгүйгээр нэр дэвшигчийн өмнөх хоосон зайг зааврын
дагуу дугуйлан будах юм.
Хэрэв мандатын тооноос илүү эсвэл
дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл санал хүчингүйд тооцогдоно гэдгийг Дархан
сумын Сонгуулийн хорооноос зөвлөж байна.
Харин илүү будсан тохиолдолд
сонгуулийн байранд байрлах ажлын хэсгийн гишүүнд мэдэгдэж хүчингүй болсон
саналын хуудсаа устгуулж, шинэ саналын хуудсыг дахин нэг удаа авах эрхтэй.
Харин дахин алдаа гаргасан тохиолдолд шинээр саналын хуудас авах эрхгүй учраас хариуцлагатай байж саналаа өгөхийг уриалж байна.