ЗАВХАН: Яруугийн Хаг нуурын ус хурах талбайн хэмжээ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-02 16:32:39

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Яруу сумын Хаг нуурыг сэргээх сувгийн цэвэрлэгээ хийснээр нуурын ус хурах талбайн хэмжээ нэмэгджээ.


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас усны нөөцийн хомсдолоос сэргийлж, гадаргын усыг хуримтлуулан хэрэгцээг хүртээмжтэй хангах зорилгоор “Нэг сум-Нэг нуур-333" нуур хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Энэ хөтөлбөрийн хүрээнд Усны газрын дэмжлэгтэйгээр Хаг нуурыг сэргээх сувгийн цэвэрлэгээг хийж дууссан.

Завхан аймгийн Яруу сумын нутагт оршин Хаг нуур нь Эрээн хайрхан, Мандат хайрхны хоорондох хөндийд, аймгийн төв Улиастайгаас 65 км, Улаанбаатараас 1055 км-т оршдог. Нуурын урт нь 7.3 км, өргөн нь 1.1-1.6 км, ус хурах талбайн хэмжээ 7.92 кв.км, гадагшаа урсацгүй нуур юм.


Тус нуур нь 2018 оноос ус хурах талбайн хэмжээ нь маш их багассан байсан юм. Ингээд энэ онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дэмжлэгтэйгээр Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Яруу сумын Засаг даргын тамгын газар хамтран 6 км сувгийг сэргээн цэвэрлэлээ.


Мөн Яруугийн голоос тохируулах барилгын оролцоотойгоор ус гүйх боломжоор хангаж нуурыг сэргээх ажлыг маш үр дүнтэйгээр зохион байгуулсан юм. Энэ ажлын үр дүнд Хаг нуурын дээд хэсэгт орших усгүй байсан Бага нуур эргээ халин урсаж Хаг нуур луу хоёр салаа цутгаж байна.


Хаг нуурын ус хурах талбайн хэмжээ 1.05 кв.км-ээр нэмэгдсэн байна. 


Нуурын ус бүрэн ширгээгүй ч, усны хэмжээ татарна гэдэг нь тэр хавийн нутаг хуурайшиж, цөлжилтөд өртөх эрсдэлтэй юм. Нуурын усыг сэргээх сувгийн цэвэрлэгээ хийснээр хэдхэн сарын дотор усны түвшин нэмэгдэж, гүний цэвэр усны нөөц, цэвдэгшил, нуур орчмын байгаль экологи дахин сэргэх боломж бүрдэж буй юм.

Ирээдүй хойч үедээ усны нөөцөө үлдээхийн төлөө усаа хамгаалах, хуримтлуулахад хамтын оролцоо чухал гэж Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв. 

Нуурын сувгийн цэвэрлэгээ хийхийн өмнө 


Нуурын ус нэмэгджээ 2024 оны 9-р сарын 28


Тохируулах барилгын оролцоотойгоор ус гүйх боломжоор хангасны дараах байдал 2024 оны 9-р сарын 28

Холбоотой мэдээ