ЗАВХАН: Хүүхдүүд зургаан өдрийн турш сансар огторгуйгаар аялна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан
аймагт дэлхийн сансрын 7 хоногийг 10 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд
“Сансар ба уур амьсгалын өөрчлөлт” агуулгын хүрээнд зохион байгуулна.
Завхан аймагт анх удаа хүүхдүүдийг сансар огторгуйгаар дамжуулан шинжлэх ухаанд сонирхолтой болгох зорилготой сансрын 7 хоногийг нээлттэй зохион байгуулах юм.
Эх орноо хөгжүүлэх ирээдүйн инженерүүдийг бид энэ үйл ажиллагаагаар дамжуулан тодруулах юм. Cансар огторгуйгаар аялж, шинжлэх ухааны олон гайхалтай туршилтыг хүүхдүүд, эцэг эхчүүдийн хамт хийнэ.
“Сансар ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд гар зургийн уралдааныг зохион байгуулж, хүүхдүүдээ шагнаж урамшуулна. Сансар огторгуй, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг мөн зохион байгуулна.
Түүнчлэн багачуудад шинжлэх ухаан, сансар огторгуй
судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулна. Нар, од дурандах, сансрын мэдлэг сорьсон даалгавар биелүүлэх, сансрын хөлөг, огторгуйн уудмыг таниулах, воркшоп, туршилт, сургалтаар үнэгүй үйлчлэх юм. Энэ үйл ажиллагаанд сайн дурын 20 гаруй хүүхэд, багш нар үйлчилнэ.
Дэлхийн сансрын 7 хоногийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнгөрсөн жил дэлхийн 90 улс тэмдэглэсэн бол энэ онд 100 болж нэмэгдсэн байна. Монгол Улсын 21 аймаг төдийгүй дэлхийн 100 гаруй оронд нэгэн зэрэг зохион байгуулна гэж Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын Хүүхдийн хөгжил оролцоо хариуцсан мэргэжилтэн Д.Цэвэлмаа мэдээлэв.