Дэлхийд анх удаа дүрст дохиог терахерцийн диапазонд дамжуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-10-04 17:03:21

БЭЭЖИН, 2024 оны аравдугаар сарын 3 /СGTN/. Терахерцийн хэт дамжуулагч хүлээн авагчийн технологийг дэлхийд анх удаа хол зайд амжилттай ашиглалаа.


Тодруулбал, Хятадын эрдэмтэд 1.2 км-ийн терахерцийн диапазонд /цараа/ дүрст дохиог дамжуулсан байна. Ингэснээр 6G хөдөлгөөнт холбоог бий болгоход нэг алхам ойртжээ. 


Орчин үеийн дохио дамжуулах, боловсруулах төхөөрөмжүүд, тухайлбал, 4G сүлжээ хэт өндөр давтамжийн цараанд (богино долгион) ажилладаг. Энэхүү богино долгионы цараан дахь өгөгдөл дамжуулах, боловсруулах дундаж хурд нь төхөөрөмжийн ангиллаас хамааран секундэд 0.5-100 Гбит -ийн хооронд хэлбэлздэг. Энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд мэргэжилтнүүд терахерцийн (THz) диапазоныг эзэмшиж байна. 6G гэх мэт одоо хөгжүүлж буй харилцаа холбооны төхөөрөмжүүд болон утасгүй холбооны системүүд энэ утгыг секундэд 1 Тбит хүртэл нэмэгдүүлэх боломжтой.


"Богино долгионы холбоо нь хоёр эгнээтэй замтай адил бол терахерцийн холбоо нь илүү өргөн давтамжийн диапазонтой учраас замыг зургаа, найман эгнээ болгон өргөтгөсөнтэй адил. Хэт дамжуулагчийг илрүүлэх технологийн (терахерцийн долгион) ач холбогдол нь түүний мэдрэх чадварт оршино, өөрөөр хэлбэл, олон эгнээтэй зам дээр явж байгаатай адил” гэж Хятадын ШУА-ийн Зижиньшань ажиглалтын төвийн ажилтан Ли Зин ярилаа.


Энэхүү туршилтыг Төвөдийн өндөрлөгийн 4 мянга гаруй метрийн өндөрт хийсэн байна. Дохио дамжуулах хүчин чадал нь ердөө 10 микроватт байсан нь гар утасны дохионы хүчин чадлын сая хуваасны нэгтэй тэнцэнэ. Ийм бага хүчин чадалтай үед судлаачид өндөр нарийвчлалтай дүрст дохиог хүлээж авсан байна. Уг дохиог терахерцийн хэт дамжуулагч хүлээн авагчаар 1.2 км-ийн зайд дамжуулжээ. 


Терахерцийн долгионыг их хэмжээний мэдээлэл дамжуулах эсвэл хиймэл дагуулын холбоонд ашиглах боломжтой гэж үздэг. Үүний тулд ийм диапазон дотор хол зайд дохиог дамжуулах хэрэгтэй байна.

Холбоотой мэдээ