ДУНДГОВЬ: 80 жилийн түүхтэй 10 жилийн анхны сургууль
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 10
жилийн анхны сургуулийн 80 жилийн түүхэн ой энэ жил тохиож буй. Тус сургууль
анх 1944 онд 5 дугаар ангийн 2 бүлэг, 5 багштай гэрт хичээллэж эхэлсэн бол өнөөдөр
1806 сурагч, 73 багш, 39 ажилтантай Улсын тэргүүний “Эрдмийн далай” сургууль
болон өргөжжээ.
Наян жилийн түүхэн
хугацаанд тус сургууль 8269 хүнд суурь боловсрол, 10603 хүнд бүрэн дунд
боловсрол эзэмшүүлжээ.
1948 онд аймгийн
төвийн дунд сургуулийн суурь болж, 1951 онд бүрэн дунд сургууль болон өргөжиж, 1977-1978
оны хичээлийн жилд ЗХУ-ын (хуучнаар) иж бүрэн 10 жилийн дунд сургуулийн байрыг
бэлгэнд хүлээн авч, 1984 онд Улсын тэргүүний сургууль хэмээх эрхэм алдрыг
хүртжээ.
Өөртөө итгэлтэй бусдад
зөв үлгэр дууриалал үзүүлдэг, бие даан хөгжиж мэндлэх, хүндлэх ёсыг эрхэмлэсэн
суралцагчийг төлөвшүүлэх эрхэм зорилготой тус сургууль бага, дунд, ахлах,
захиргаа аж ахуй гэсэн 4 хэсэгтэй.
Нийт багш нарын 85 хувь нь мэргэжлийн зэрэгтэйгээс Тэргүүлэх зэрэгтэй 26, Заах аргач зэрэгтэй 35 багш ажиллаж байна. Мөн боловсролын магистр зэрэгтэй 25 багш, Аймгийн шилдэг багш давхардсан тоогоор 18, Улсын шилдэг багш 2, улсын төрөлжсөн олимпиадын аварга 3 багш байна.
Түүхэн хугацаанд тус сургуулийн захирлаар 19 хүн ажилласнаас хамгийн олон жил ажилласан нь Н.Мижиддорж захирал юм. Тэрээр 1972-1990 онд тус сургуулийг удирдаж, сургуулиа Улсын тэргүүний болгож, Дундговь аймгийн анхны 10 жилийн сургууль төдийгүй тус аймгийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан удирдагч байсан хэмээн үнэлэгддэг. 2023 оноос сургуулийн захирлаар Э.Ууганцэцэг ажиллаж байна.