Японд квант криптографын технологийг хөгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-10-08 15:41:32

ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 8 /Nikkei/. Японы Засгийн газар мэдээллийг хакердах эсвэл замаас нь унших боломжгүй квант криптографын технологийг хөгжүүлэхэээр төлөвлөж байна. 


Захиргааны хэрэг, харилцаа холбооны яамны албан тушаалтнууд хувийн компаниудын өргөдлийг ирэх онд хүлээн авч эхлэх бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн компанид хэдэн арван тэрбум иенийн (10 тэрбум иен нь одоогийн ханшаар 68 сая ам.орчим доллартай тэнцэнэ) дэмжлэг үзүүлнэ гэж "Nikkei" сонинд бичжээ. Төсөлд “NEC”, “Toshiba” зэрэг корпорацууд оролцох төлөвтэй байна.


2030-аад онд квант компьютерыг хэрэглэж эхлэх төлөвтэй байгаа тул Японы эрх баригчид "цаг хугацаатай уралдаж" байна гэж “Nikkei” онцолжээ. Уламжлалт компьютертэй харьцуулахад хамаагүй хурдан квант тооцооллыг ашиглах нь интернэт дэх өгөгдлийг хамгаалахад одоо ашиглаж буй шифрлэлтийн аргыг эвдэх боломжтой гэж тус сонинд шинжээчдийн анхааруулгыг эш татан бичжээ.


Квант криптограф нь энгийн бөөмсийн үйл ажиллагааны зарчимд суурилдаг бөгөөд параметрүүдийн аль нэгийг нөгөөг нь гажуудуулахгүйгээр өөрчлөх боломжгүй юм. Хэрэв имэйлээр илгээсэн захидлыг эдгээр шинж чанарыг харгалзан кодолсон бол тухайн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр харах гэсэн аливаа оролдлого нь мэдээллийг өөрчилдөг байна. Ингэснээр халдлага үйлдэгсэд захидлыг замаас нь уншиж чадахгүй бөгөөд хүлээн авагч нь хакердуулсан гэдгээ харилцаа холбооны суваг дахь гажуудсан тоонуудаас олж мэддэг байна. Харин Японы компаниуд шифрлэлтийн түлхүүр үүсгэх хурд, мэдээлэл дамжуулах зайны тал дээр дэвшилтэт технологитой боловч квант криптографын судалгааны салбарт бусад улс орон давамгайлдаг ажээ.

Холбоотой мэдээ